ЦАР ТАХАЛ БА ХАРИУЦЛАГА-5

0
29

 

 

 

Д.ЦЭРЭННАДМИД /СГЗ, сэтгүүлч/

 

 

COVID-19 гэж нэршээд буй цар тахал өвчин энэ цаг үед зөвхөн Монгол биш дэлхий нийтийг түйвээж байна. Цэнхэр гараг дээр минь хэчнээн сая хүн энэ  аюулд нэрвэгдэж тэдний хэд нь хорвоог орхиж байгаа билээ. Ингээд бодохоор энэ аюул хэдийд үгүй болохыг тааж мэдэхийн арга алга. Дэлхийд ийм байна гэж цаг алдаад яах вэ. Монголынхоо тухайд л ярья.

Өдөр бүр хийдэг мэдээллээс арай нэг нааштай юм дуулдах байх гэж горьдох юм. Гэтэл тийм биш. Шинээр халдвар авсан тохиолдол хоногт 1200-гаас буухыг байлаа. Улсын хэмжээний тохиолдол 30 мянга давчихлаа. Сүүлийн 14 хоногт энэ өвчний улмаас 50 гаруй хүн хорвоог орхив. Үүнийг аюул гэж хэлэхээс яах вэ. Сэтгүүлч бидний хувьд энэ тухай ярихгүй, бичихгүй байвал үүргээ умартсан хэрэг болно биз. Ингээд л бичиж байна.

Манайхан халдварыг дотооддоо алдаагүй 10 сар гаруй болсон гэж сайрхангуй ярьдаг байсан. Тэгтэл өнгөрсөн оны сүүлчээр халдварыг алдчихсан л даа. Энэ нь COVID-19 цар тахал монгол хүнд тусах нь ховор, туссан ч хөнгөн өнгөрнө гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд бий болгож нийтээр тайвширсны уршиг байсан гэж болно. Тийм хандлага төр, засгийнханд ч байсан байх. Үүнийг 2021 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж баталсан үйл явцаас тод харсан. Цар тахлын аюул хаалга тогшиж байх тэр үед дэлхийн бусад оронд болж байгаа шиг байдал бий болбол яах вэ гэдгийг анзаараагүй гэж хэлж болно.

Цар тахалтай тэмцэхэд зориулсан хөрөнгө, мөнгө төсөвлөөгүй. Үүнийхээ горыг сая амсав даа. Вакцин авах болсон чинь мөнгийг нь хаанаас гаргахав гэж нэг хэсэг будилав. Уг нь ДЭМБ болон зарим улс орноос багагүй хандив тусламж ирдэг л гэсэн. Гэтэл тэрнийгээ хаана, юунд зарцуулсан нь тодорхойгүй л байдаг юм. Ер нь цар тахалтай хийх тэмцлийн явцад ажиглагдсан нэг алдаа бол төр, засаг болон ард иргэдийн хамтач ажиллагаа муу байгаа явдал гэж болно. Үлгэрлэж хэлэх юм бол дээрээ самарсан, дороо сандарсан, дундаа сампирсан гэдэг шиг байдалтай. Ийм л явж ирэв. Дээрээ самарсан гэдгийг тайлбарла гэвэл хялбар л даа. Өмнөх Засгийн газар муу ажилласан гээд огцорсноос хойш юу болоод өнгөрсөн бэ гэе. Эхний хөл хорионы дараа бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг бууруулахдаа дэндүү палхийсэн шийдвэр гаргачихсан. Үүнээс болж цар тахлын халдвар ихэссэн нь үнэн. Нийслэл тэр чигээрээ халдварын голомт болсон. Одоо гэхэд өвчлөл тархаагүй аймаг гэж бараг алга. Гэтэл төр, засгийн эрхмүүдээс хэн нь ч бидний алдаа боллоо гэж хэлээгүй л байгаа.

Харин цар тахлын үеийн гол ачааг үүрч яваа эмч, эмнэлгийн ажилтнуудыг халж сольж, загнаж дарамталдаг, тагнаж шалгадаг ажил л их хийв. Амь, амьдралаа мартан зүтгэж буй эмч, мэргэжилтнүүдийг болж өгвөл буруутгахыг оролдож ирсэн. ХӨСҮТ-ийн удирдлагыг хэд ч сольчихов доо. Хоёр, гурван захирал, дэд захирлыг халаад амжсан байх юм. Уг нь удирдан зохион байгуулна гээд хэт захиргаадснаар ажил сайжирдаггүй гэдэг. Ер нь ч тэгээд цар тахлыг дарж авах хүч нь сайд, дарга нар биш эрүүл мэндийн фронтынхон шүү дээ. Тиймээс тэднийхээ урмыг сэргээж ажиллуулмаар байгаа юм. Өнөөгийн байдлаар халдвар авсан 30 гаруй мянган хүний тал хувийг хэн эдгээв. Эмч, эмнэлгийнхэн. Нөгөө гэвэл Засгийн газар, УОК-ынхны ажлын өнгө төрхийг харахад жаахан аргаа барсан байдалтай болчихож. Зугаалахыг зөвшөөрсөн 14 хоногийн зөөлөн хөл хорио болж өнгөрөв. Гол юм нь иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгож, халдвар хамгааллын дэг журмаа сахихыг өөрсдөд нь даатгачихсан. Гэтэл тэр хөл хорионы хоногуудад иргэдийн зорчих хөдөлгөөн жирийн цагийнх шиг шахуу их, амарч салхинд гарч болно гэсэн нэрийн дор бужигнасаар байв. Юун хөл хөдөлгөөнөө хумих. Тэгээд ч тэрүү халдварын тархалт огт буурсангүй. Ерөөс иргэдийнхээ ухамсарт найдна гэдэг хоосон мөрөөдөл болохыг төр, засгийнхан ч ухаарсан байх.

Одоо хөл хорио дахин 14 хоног үргэлжлэхээр боллоо. УОК-ынхон урьдынхаас хатуу байх болно гэж байна. Урьдын алдаагаа давтахгүй гэсэн хэрэг биз. УОК-ын мэдээлэлд хөл хорионы үед нийслэлээс хөдөө рүү, хөдөөнөөс нийслэл рүү төд өчнөөн хүн, машин зорчсон. Бид хяналт шалгалтыг сайн хийсэн гэж танилцуулсан. Тэгвэл яагаад нийслэлээс долоон машинтай 30 гаруй хүн хөл хорионоос оргоод Өмнөговьт оччихдог юм бэ. Үүнийг иргэдийн сахилга хариуцлагатай холбож үзэх учиртай ч гэлээ хяналт шалгалт зохих түвшинд байгаагүйн харгай гэж хэлэх байна. Бүр долоон машин дүүрэн хүн гэж байгаа шүү дээ. Басхүү зарим сайд, даргын үгэнд итгээд нэмэр алга.

Эрүүл мэндийн шинэ сайд С.Энхболд гэдэг хүний хувьд дүмбийсэн сайхан хүн. Дуугарахаараа “Би ингэж хэлэх боловч үнэн ч байж мэднэ, худлаа ч байж болно шүү” гэсэн царайлах юм. Түүний хэлсэн, ярьсан биеллээ олохгүй  л байна. COVID-19-ийн мутацид орсон халдвар манайд орж ирээгүй гэж тэр хэлсэн. Гэтэл сая 2-3 тохиолдол илэрлээ гэж байна. Энэ мэдээллийг сонсоод мань хүн “өө тэгээ юу” гэсэн маягтай мөн л дүмбийж суугаа харагдана лээ. Бас энэ хүн Монгол Улсын сайд болохоос Улаанбаатарын сайд биш л дээ. Гэтэл 600 гаруй резидент эмчийг ажиллуулах, халдвартай гардан тэмцдэг хариу арга хэмжээний багийг дүүргүүдийн эмнэлэгт шилжүүлэх тушаал гаргачихсан гээд хөдөө орон нутагт цар тахлын халдвар нэмэгдээд тэнд төсөв хөрөнгө, эмч, мэргэжилтэн дутмаг байгааг анзаарсан янзгүй л байх юм. Уг нь аюул тулгарсан цаг мөчид Эрүүл мэндийн сайд хүн бусдаас илүү овсгоо самбаа, санаачилгатай байх учиртай биш үү.

Нөгөө гэвэл энэ олон тохиолдол бүртгэгдэж хоногт хэд хэдээрээ хүн нас барж байхад төр, засгийн зарим нөхдийн хандлага нэг л бишээ. Юм л бол улстөржинө. Энэ нь цаанаа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн аястай байгаа юм. Өөр нэг тал нь бидний монголчууд бүхнийг төр, засагт даатгачихаад эрхээ эдэлж байна гээд үүргээ умартаж суугаа нь гадныханд л лав арчаагүй харагддаг байх. Шуудхан хэлэхэд заримын хандлага энэ өвчнөөс аварбал авар, үгүй бол боль гэсэн янзтай хэний төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй мэт буй санагддаг.

Хөл хорио тогтоохоор орлого хомсдож амьдрал хэцүүдлээ гэж орилцгооно. Халдвар хамгааллын дэглэмийг ингэж тэгж сахь гэж дахин давтан сануулсаар байхад биелүүлдэггүйчүүдийн эгнээ тун өргөн. Тэд Засгийн газар, УОК-ын шийдвэрийн сул талыг овжин ашиглаж дэггүйтнэ. Машины хөдөлгөөн жаахан хязгаарлахаар дугуйгаар сэлгүүцэгчид олшров. Наад захын жишээ хэлэхэд 5000 гаруй хүүхэд COVID-19-ийн халдвар авлаа гээд байхад үр хүүхэддээ тавих анхаарал нь муу байна. Хөл хориотой гэх ч хүүхдүүд тоглоомын талбайд бужигнаж л харагддаг. Томчуул хэд гурваараа гудамж талбайд тойрч зогсоод маскаа эрүүндээ зүүчихээд тамхилцгаан хөөрөлдөх нь элбэг байх юм. Урин дулаан цаг болж байгаатай уялдаад голын зах, цэцэрлэгт хүрээлэн рүү бэлчиж бөөгнөрөл үүсгэн дэг журам зорчих нь иргэдийн буруутай хэрэг. Уг нь COVID-19 цар тахлын талаар өдийд хүн бүр гайгүй мэдлэгтэй болчихсон баймаар. Гэтэл зарим хүн хэтэрхий хэнэггүйгээ гайхуулж энэ байдал нь халдвар авч амь насаа алдах аюултайг ойлгохгүй байгааг яалтай ч юм бэ дээ. Ингэж байж цар тахалтай тэмцэхгүй ээ, иргэд минь. Өнгөрсөн 24 цагт 1264 хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээлэл сонсоод “Үнэхээр ийм олон хүн өвдлөө гэж үү” гэж үл итгэх байдлаар хандах хүн ч байх л юм. Ийм дөжрөл байж болохгүй шүү дээ. Энэ өвчний улмаас хаа хаанаа амьдрал хүндэрч байгаа нь үнэн ч гэлээ хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөл хорьвол хоригдож арай сулруулсан үед нь журам дүрмээ дагаж байх нь “Хамтдаа давна” уриагаа хэрэгжүүлэхийн утга энэ билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин