ХАТУУ ХӨЛ ХОРИО, ВАКЦИНЖУУЛАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЛЭВ ҮҮ

0
38

Коронавируст цар тахлын нөхцөл байдал олон улсад таагүй, хүнд байна.
Зарим улс орон халдварын тархалтаа барьж дийлэлгүй, нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Тэр ч байтугай коронавируст цар тахалд нэрвэгдсэн эх орноосоо дүрвэж байгаа зэрэг хүндхэн мэдээллийг бид авч байна. Монгол Улсыг ч энэ цар тахлын халдвар тойрсонгүй. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хатуу хөл хорио, вакцинжуулалтын үр дүн гарч эхлэв. Гадаадын улс орнууд ч манай улсын талаар ийм байр суурийг илэрхийлж байна.
Тухайлбал, өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, “Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна” гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцолжээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзсан. Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан COVID-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэжээ.