ШОУНЫ ТӨСВӨӨРӨӨ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ТҮГЭЭ!!!

0
42

Цар тахал монголчуудыг нөмөрч байна. Хэдхэн сарын өмнө өдөрт 10, 20-иодхон хүн халдвар батлагдаж гэж эмзэглэж суусан бол өнөөдөр өвчлөл өдөрт 1000 давж тоологддог боллоо.

Эмч нар туйлдаж, цар тахлын аюулын эсрэг тангараг өргөн ажиллаж байсан цэргийн албан хаагч халдварын улмаас өчигдөрхөн зуурдаар хорвоог орхилоо. Цар тахал ханиад биш гэдгийг өдөр бүр амь хохирч байгаа хүмүүсий байдал баталж байна.

Энэ удаагийн хатуу хөл хорио дорвитой үр дүн авчрахгүй гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ онцолж байгаа. Үргэлжлүүлэн 14 хоногоор хатуу хөл хориог сунгах зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэж байна.

Энэ удаагийн хатуу хөл хорионы үед хоёр хоногийн өмнөөс эхлэн нэр бүхий томоохон телевизүүдээр “Карантин 14” гэсэн шоу хөтөлбөр гарч эхэллээ. Телевизүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэж аман дээрээ зарлаж байгаа ч энэ шоунд хөлсний жүжигчид, дуучид оролцож байгаагаас шууд ойлгогдоно. Энэ бол өндөр зардалтай, төлбөртэй шоу гэж. Гойд зугаацах, цэнгэх хөтөлбөргүй ч олон цаг нуршсан шоу нэртэд өндөр төлбөр төлсөн нь гарцаагүй. Гэвч энэ бол цаг үеэ олсон санхүүжилт биш байна.

Цар тахлын хүнд хэцүү энэ үед, халдвар хамгааллын дэглэм алдагдаж өдөрт хэдэн зуугаараа гарч байгаа энэ тохиолдолд хүн бүрт цаг бүрийн сэрэмжлүүлэг чухал байна. Олон цагийн уйтгартай шоунаас цаг агаарын сэрэмжлүүлэг шиг цар тахлын сэрэмжлүүлэг байнга гаргаж баймаар байна. Гар утсаа маажиж суугаа хүн бүрт бүхий л хэлбэрээр нь аюулт халдвараас өөрийгөө, гэр бүлээ яаж хамгаалах талаар үргэлжийн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, шаардлага тавьж баймаар байна. Үүнд л тэр мөнгөө зарцуул, төр засаг аа. Эс тэгвэл эмч, эрүүл мэндийн байгууллагуудын хэлж байгаачлан халдварын хүрээг хумих боломжгүй хэмжээнд хүрэх вий!!!

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА