Хүүлэй хан. Нийслэл хотоос баруухан хойно, таван өртөө гаруйхан газарт Хүүлэй хан хэмээх домогт хайрхан бий. Энэ хайрханы түүх домгийг яривал хичнээн ч цаг, цаас үргэлжилж магадгүй. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ хайрханыг нутгийнхан дээр үеэс тахин шүтсээр ирж, хайрхан нь ч нар хураа хайрлан, хүмүүс нь цэнгэл жаргалтай, газар нь шим өгөөж дүүрэн, мал нь тарга тэвээрэг их, сүү сааль нь арвин гэлцэх юм билээ. Хүүлэй хан хайрхан нь үзэсгэлэнт хан Хэнтий нурууны төгсгөл, ар өвөргүй битүү модтой, олон сайхан амтай, Мойлт, Тахилт, Буга, Сэнжит, Ар номт, Бэлхийн голууд эх аван урсдаг, Данзан лам, Тахилтын рашаануудтай, оргил дээр нь гараад харахад ойрын сумын төвүүд, Богд Дүнжингарав харагддаг үзэсгэлэнт сайхан нутаг ажээ.

Хүүлэй хан хайрханы өврөөс алсын замд дөрөөлж байсан аавын хөвгүүд, ээжийн охидын түүх судрыг тоочно гэвэл барахгүй биз. Тэдний нэгэн Жамбалын Гангаа сэтгүүлч аяны алтан жолоогоо сүүгээр мялаалган хөдөлж байсныг л бичих гэж үзэг цаас нийлүүлсэн минь энэ.

… Би “Өдрийн сонин”-ы газарт арваад жилийн өмнө анх хүрч ирж билээ. “Монголын мэдээ” сонин худалдагдсан үе. Удирдлагын нөхөд “Жамъян гуай та хүрээд ир. Гар нийлж ажиллая” гэсэн нь хаачихаа ч мэдэхгүй яваа надад халуун сэтгэлийн үг байлаа. Тэгээд л Монголын энэ хүндтэй сонины гэр бүлд багтаж, өнөө хүртэл Жамбалын хэдэн хүүхдүүдтэй, сонины ажилсаг, авъяаслаг хамт олонтой жаргал зовлонгоо хувааж явна даа.

Энд би, Ж.Гангаа гэх намхан шар залуутай анхлан танилцсансан. Угтаалцайдамаа улаараа тамгалж, Хүүлэй ханыхаа өвөрт хүүгийн ёсоор торнисон нэгэн. Улсын багшийн их сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн, Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан, хүндийн өргөлтийн нэртэй тамирчин, спортын мастер, аймгийн заан цолтой хүн байв. Би анхлан танилцаад “За энэ ч спортын сурвалжлагч л байхдаа” хэмээн бодож байсансан. Гэтэл тийм биш байлаа.

Манай Гангаа бол биеийн тамир, спортын багш мэргэжилтэй ч, угаасаа заяамал сэтгүүлч хүн байсан. Түүний бичсэн, арын нүүрний арван мөр материалыг ч уншилгүй өнгөрөхийн аргагүй, сэтгэж бичиж чаддаг, сэтгэл оюуны “уран дархан” хүн байж билээ. Ж.Гангаагийн маань бичсэн зүйлд, бусад сэтгүүлчдээс ялгарах хэдэн онцлог зүйл байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүний тухай: “Манай Гангаа бол монгол ахуйг ер бусын билгийн нүдээр хардаг, мэдэрдэг, хайрладаг гайхалтай уран бүтээлч, сэтгүүлч байж билээ” гэж бичсэн байдаг.

Үнэхээр түүний бичсэн бүх зүйлээс монгол ахуй “ханхалж” байдгаараа онцлог. Би Гангаагаас олон насны ах ч, тэгтэл монгол ахуйгаа тэгж дүрсэлж, энгийнээр хэлж ойлгуулж чадаагүй л болов уу. Тийм залуу хүн, Монголынхоо тухай тэгж сэтгэж, дүрсэлж бичнэ гэдэг ховорхон тохиолдол.

Ж.Гангаагийн “Элээтэй бичсэн Эрээний тухай” гэж тэмдэглэл нэг үе шуугиулж байсан. Тэр юугаараа онцлог байсан бэ гэхээр, манайхан бол Эрээнийг тойрч үзээд, наймаа панз хийгээд улс төрийн өнгө аяс оруулсан шиг бичээд л өнгөрдөг. Тэгвэл Гангаа маань Эрээнд юу нь онцлог байдаг талаар бүх нууцыг нь задалсан юм. Тэгээд сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “… Би тэрхүү тэмдэглэлийг уншсан хэн бүхэн Эрээн рүү эргээд очтол нь бичиж байсан юмдаа. Хүмүүний анзаараагүй зүйл зөндөө л байдаг байхгүй юу …” гэж билээ.

Ж.Гангаа бол Монголоо ч тойрсон, дэлхийг ч тойрсон сэтгүүлч. Нэг үгээр хэлбэл Монголынхоо өнцөг булан бүрийг, олон улсын амьдралыг бидэнд танилцуулсан, нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохоор зурж, бичсэн хүн. АНУ, ОХУ, Хятад, Солонгос, Япон, Австрали, Франц, Герман, мөн бүх тивийн бага буурай олон орноор аялж бичсэн тэмдэглэлүүд нь бидний унших дуртай хуудас, залуу сэтгүүлчдийн ширээний ном болсон юм.

Сэтгүүлч Гангаа маань бидний эргэн тойронд ямар нууц газар, ямар сонин содон амьдрал байдгийг бүгдийг дэлгэн тавьж үзүүлснээрээ онцлог. Түүний “Хүн хүрээгүй нутаг”-ийг нь уншихад л та мэл гайхна. “Хүн хүрээгүй нутаг” нь Монгол орны алс зүүн хязгаар “Монгол Дагуур” юм. Энд нутгийн цөөн хэдэн малчдаас гадна ямар хүмүүс орогнож байдгийг тун гярхай олж харсан байгаа юм. Энэтхэг тогооч, Бангладеш илээч, Монгол жолооч хөлсөлсөн тэрээр Дорнод Монголын зэлүүд нутгаар хэрэн, шонхор шувуу барьж зугаагаа гаргана. Өөдөөс нь эсэргүүцсэн, дургүйцсэн болгоныг дарайсан арван мянгат гарган амыг нь цоожлоно …” гэсэн нь бий. Дорнод Монголын дархан цаазат газар гэгчийг ийнхүү дүрсэлсэн байна.

Манай Гангаа бол цоохор ирвэсийг судлах сурталчлах талаар их зүйл хийсэн хүн. Ирвэсийн амьдралыг дэндүү сонирхолтой бичсэн дээ. “… Ирвэсийн “гал тогоо” бусад амьтнаас илүү учир начиртай. Тэрээр таван “ам”, нэг “бахь” сүүл бүхий бүрэн зэвсэглэсэн анчин. Цоохор дээлээ нөмрөөд хадны ёроолд бөөвийгөөд суучихсан байхад янгир дээгүүр нь таварцаглаад унатлаа анзаарагдахгүй. Янгирын маханд нугасгүй. Хадан дээрээс ганцхан үсрээд хөл, ам, сүүлнийхээ аль нэгээр нам цохино …” гэж зурагласан байдаг.

Ж.Гангаагийн “Алтайгаас Хянган хүртэл” гэдэг алдарт тэмдэглэлийг уншаад дуусахад эх орноороо тойроод ирсэн юм шиг бодогддог. Тэр, Хар Тэрэмийн рашааныг бичсэн хэдэн мөрийгсонирхуулъя. “… Хадтай энгэрээс булагдусагнан урсаж, ундрага болгон дээр нь цорго тавьж, дээр нь шошго хадсан байсан. Элэг, бөөр, зүрх, нүд, шүд гээд бараг бүх эрхтэнг эдгээхэд зориулагдсан рашаанууд нэг доороос оргилж байх юм. Нэгдсэн эмнэлэг, эмийн сантайгаа байгаа юм шиг…” гэсэн энэ тэмдэглэлээрээ хүн арддаа тустай зүйлийг хийж явжээ. Гангаа маань зөвхөн энэ удаагийн аялалаараа 9400 км зам туулж бороо мөндөр, салхи шуурга сөрөн зүтгэж ирсэн байна.

Сэтгүүлч Ж.Гангаагийн маань аялсан тэмдэглэлүүд гол төлөв дарга нарыг дагаж явсан байдаг. Харин “Дарга дагаагүй сурвалжлага” нь нэн сонин. Мань хүн нэг удаа дарга дагалгүй дур зоргоороо сурвалжлая гээд Төв аймгийнхаа нутгийг нар зөв тойрон эргэсэн байгаа юм. Энэ аялалаараа Гангаа маань дуртай газраараа орж, дуртай хүнтэйгээ уулзаж, асар сонин материалууд олж ирсэн.

Сэтгүүлч Ж.Гангаагийн гадаад ертөнцөөр аялсан тэмдэглэлүүд нэн сонирхолтой юм. Нэгүгээрхэлбэл бид мэтийг гадаадад дагуулж яваад, бүх зүйлийг үзүүлж тайлбарлаж байгаа юм шиг санагддаг. Иймээс энэ номынхоо 2 дугаар бүлгийг “Харьд зорчсон тэмдэглэл” гэж нэрлэсэн. Америкт хэд хэдэн удаа зорчжээ. “Америкт зорчсон явдал” тэмдэглэл тухайн үедээ нэлээн дуулиан тарьж байсан даа. Элдэв янзаар гоёж чимэлгүй, амьдралыг байгаа чигээр нь, шулуун шударга хэлчихдэг зарчмаасаа Гангаа маань хазайгаагүй. Эхлэхдээ л “… Угаасаа Америк тив тэр чигээрээ хоноцын орон. Хоноц хоноцдоо дургүй гэдэгбиз дээ …” хэмээн АНУ-ын Элчин сайдын яамны дотроос эхэлнэ дээ.

Гангаа маань “Далд Түвдийн далласан газар” гэж том тэмдэглэл бичсэнийг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр ёстой л, мянган уул давж, түмэн гол гаталсан сэтгүүлч л дээ. Түвдэд зорчихдоо дэлхийн дээвэр Хималайн нуруунд гарснаа тун сонирхолтой бичсэн байдаг. “… Даваанаас доор тэнгэр дээр бурхан бий. Дэлхийн дээр гарсных гээд цуурайттал хашгирах гэтэл нэг муу бүдэгхэн гонгинохоос цааш хэтэрсэнгүй. Хималай агуу юмаа. Багана лугаа босоо уулсын цаст оройгоос түмэн горхи урсах биш унана. … Эдгээр голууд дэлхийн алдарт Инди, Ганга, Шар, Хөх, Миконг, Бахматура мөрний эх ажээ. Хималай Бурхан багш хоёрын аравнайлсан ариун Гангын ундарга уулнаас буун буутлаа үл номхорно…” гэж тэмдэглэлдээ дүрсэлсэн юм.

Ж.Гангаад очоогүй тив байхгүй. Тэрээр Африкт зочилсон тухайгаа “Хойд нас нь хойч үеэ тэжээх хойд Африк орноор” гэсэн том тэмдэглэл бичсэн. Энэ аялалаа Египетээр эхэлсэн. Өнөөх алдарт Гизагийн 3 пирамид Каирын баруун дүүрэгт оршдог юм байна. Энэ аугаа байгууламжийг үзээд: “… Асар том пирамидын гүн рүү хүмүүс тасралтгүй шурган орцгооно. Хагас бөхийн шатаар уруудсаар голдоо хүрэхийн алдад босоо хүн багтахаар хэсэг уужирч, хэсэг шулуун алхана. Тэгээд бачуухан шатаар өгссөөр нүхний мухарт тулвал юу ч байхгүй. Чулуугаар зорсон том авс байх ба түүнийг таглаж байсан нүсэр том тагийг сөхөөд орхижээ. Тас харанхуй хөлсхир үнэртсэн бүгчим орчинд жуулчид ийн тулаад буцна. Авсан дотор байсан мумиг аль эрт зөөн шилжүүлж, музейд тавьжээ …” гэсэн байгаа.

Ж.Гангаа Европын олон орноор аялж, аян замын сонирхолтой сурвалжлага тэмдэглэл бичсэн юм. Тэрээр Данид аялсан тухайгаа: “…Мөн нэг авхаалжтай нөхөр Голланд явж монгол гэр худалдаж авчраад хот дотроо барьчихсан байсан. Бэржээнхгүй, цагаан бүрээстэй уг гэр цас бороонд нэвтрээд чийгтэй эсгийний эвгүй үнэртэй боловч Монгол хүнд дотно харагдаж байлаа. Гэрийг барих гэж нэлээн тэвдсэн бололтой. Ханыг нь эрэг боолтоор боож, гэрийн гадуурх гурван бүслүүрийг яах учиртайг ойлгож ядаад, тойруулаад зүүсэн байдалтайгаар хөвөрдөөд оёчихсон байсан. Бүслүүрийг нь чангалаагүй гэр бага зэргийн яйжгий болсон боловч энэ оронд үс хийсгэх салхи гардаггүй нь сайхан юм даа…” гэж бичсэн нь бий.

Сэтгүүлч Ж.Гангаагийн уран бүтээлийн тэргүүн ботид орсон зүйлээс дуслын төдий сонирхуулахад ийм байна. Авъяаслаг сэтгүүлч, үзэг нэгт дүү минь бурхны оронд одоод хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Гэр бүлийнх нь зүгээс номон дээр нь хамтарч ажиллаач гэж тавьсан саналыг би баяртай хүлээн авч, номын материалыг бэлдэж эхэлсэндээ. Ямартай ч гурваас дөрвөн боть ном болох болов уу.

Ингээд эрхэм уншигч танд, эгэлгүй их авъяастай эрхэм дүү-анд нөхөр Ж.Гангаагийнхаа бүтээл туурьвалын тэргүүн ботийг “Цагаан гэгээ” нэртэйгээр өргөн барьж байна. Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн өнгө аястай бүтээл туурьвалуудаар хүч түрэн орж ирж, олон хүндтэй шагналын эзэн, хамгийн сүүлд Балдорж сангийн шагналын “Гран-при”-г хүртэж байсан эрхэм дүүгийн ээж, гэр бүл, үр хүүхдүүд, зулай зулайгаа дэрлэж гарсан ах дүү нарт нь энэ хуудсыг ашиглан, сайн сайхан бүхний дээдийг ерөөе.

Ж.Гангаагаа сэтгэл зүрхэндээ мөнхлөн тээж яваа хүний нэг, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч

ГАЛСАНГИЙН ЖАМЬЯН