БИЧЛЭГ ЗАДАЛСАН НЬ Б.ХУРЦ НАРЫН ХУГАЦАА ХОЖИЖ БАЙГААГ ЯАРАВЧЛУУЛАХЫГ ХҮСЭВ ҮҮ?

0
72

Засгийн газрын шийдвэрээр улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял сонссон Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж эрүүдэн шүүсэн бичлэгийн зөвшөөрөгдсөн хэсгийг өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтэд үзүүлэв.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал одоогоос 5 сарын өмнө болж байв. Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 6 өдрийн турш шүүж, эцэст нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн үзэхдээ “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна” гэж байв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд:

15.6 дугаар зүйл.Гомдлыг шалган шийдвэрлэх нийтлэг журам

1.Энэ хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.

2.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна.

3.Хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг түүнд тайлбарлана.

36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:

36.2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц

-3.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэжээ.

Эдгээр хуулийн заалтаас харахад шүүгдэгчид Б.Хурц нар болон хохирогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой асуудал гэхээс илүү шүүхийн процесс үйл ажиллагаатай холбоотой хангагдаагүй зүйлс гэж харагдаж байгаа юм.

Тодруулбал, Б.Хурц нарт цаг хугацаа хожуулах гэсэн санаархал ч гэж харах үндэс бий. Учир нь энэхүү шүүх хурал болтол шүүгдэгчдийн зүгээс хэдэнтээ шүүх хурлыг хойшлуулж цаг хугацаа хожиж байсан удаатай.

Ийнхүү 5 сарын өмнө прокурорт шилжсэн хэрэг эдүгээ хүртэл сураг алдраад байна. Хэрэг одоог хүртэл Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа гэсэн албан мэдээллээс өөр мэдээлэл байхгүй байгаа юм.