ШЕЗ АВТОМАШИН, КОМПЬЮТЕР АВАХААР 3 ТЭРБУМ 800 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

0
127

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх Ерөнхий сайдын төлөвлөгөөнд улсын төсвөөс санхүүждэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудын 2021 онд тэвчиж болох зардлуудыг жагсаалтыг гаргасан. Жагсаалтад автомашин, бичиг хэргийн зардал зэргийг багтаасан байгаа юм.

Хэрэв энэ жагсаалт ёсоор төрөөс санхүүждэг байгууллагууд хэмнэж чадвал тэрбум тэрбумаар хэмнэх боломжтой болж байна. Жишээлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сард 2 том тендер зарлажээ.

Эхнийх нь анхан болон давж заалдах шатны шүүх, ШЕЗ-ийн ажлын албан ширээний компьютер худалдаж авахаар 800 сая төгрөг тендерийг өчигдөр зарлажээ. Тендер нээх хугацаа 3 дугаар сарын 22 гэжээ.

Тэгвэл дараагийн тендер нэлээд өндөр дүнтэй. ШЕЗ-д шаардлагатай тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж 3 тэрбум төгрөгийн тендерийг мөн өчигдөр зарлажээ. Нэг ёсондоо ШЕЗ-ийн дарга удирдлагуудын унах автомашин, түүний тоног төхөөрөмж болж таарч байна.

ШЕЗ үйл ажиллагаа явуулаад нэлээд олон жилийг үдсэн. Нэг жилд л ийм өндөр өртөгтэйгөөр автомашинаа сэлбэх, шинэчлэх шаардлагатай болж байна гэхээр ямар их зардал өртөгтэй байгууллага болох нь харагдаж байна.

Хамгийн гол нь цар тахлын үед эдийн засгийн хэмнэлт гаргах төлөвлөгөө ёсоор энэхүү тендерүүд одоо цуцлагдах ёстой. Тэгвэл 3.8 тэрбум төгрөг гэдэг багагүй мөнгө. Орон сууцны хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөөнд жинтэй хувь нэмэр оруулах л хөрөнгө ажээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА