УНХИАГҮЙ САЙДЫН УРАГШГҮЙ АЛБАТ

0
346

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн гадаад худалдааны асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Асуулгын хариуг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцуулж, гишүүд асуулт асуусан. Асуулт хариулт гэхээс илүү гишүүд дээрэнгүй задрангуй байр сууриа илэрхийлж, асуух асуухчаа аядан, Н.Энхтайван сайд ихэд хүлцэнгүй дорой, таг түг хариулж харагдав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гэхэд л “Япон, Европын холбоо руу татварын таатай нөхцлөөр бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон.  Харамсалтай нь үүнийг ашиглаж чадахгүй байна. Татварын өндөр хувь энэ бизнест сөргөөр нөлөөлдөг. Үе үеийн дарга нар урагшаа болон хойшоо очиж хэлэлцээр хийдэг ч үр дүн гардаггүй.

Оросууд манай улсад социализмийн үеэс хойш бараг хориг тавьчихсан. 44 хувиар татвар төлж байж, Орос руу бүтээгдэхүүн гаргана. Үүнээс болоод эцсийн бүтээгдэхүүн гаргах сонирхол ААН-үүдэд байхгүй болсон.  Дарга нар бол их гоё юм ярьдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос гадна өөр гаргаж байгаа бүтээгдэхүүн алга.

Гадаад харилцааны сайд та яг ийм ажил хийнэ гээд амлалт авч болохгүй юу” гэхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Би амлалт авч байна” хэмээн их л унхиагүй хариулна лээ. За энэ ч өнгөрч.

Гадаад харилцааны яамтай холбоотой бас нэг асуудал өрнөсөн нь БНСУ-д чартер нислэгээ хүлээж байсан монгол залуу нас барсан явдал юм. Хилийн чанадаас монгол иргэдээ татан авах асуудалд хамгийн их хамааралтай байгууллага нь Гадаад харилцааны яам. Өнөөг хүртэл хилийнхээ гадна иргэдээ хаячихсан улс Монгол ганцаар үлдэж байгаа гэх.

Ялангуяа ийм хүнд цаг үед эх орондоо ирж чадалгүй нас барсан иргэний асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар хийхдээ “Нас барсан иргэн өнөөдрийн (өчигдрийн) нислэгт багтсан гэдэг худлаа мэдээлэл. 12 дугаар сард хүсэлт гаргасан байсан” гэсэн нь их мэдрэмжгүй тайлбар байлаа.

Бүхэл бүтэн хүн нас барчихаад байхад өөрсдийгөө хаацайлсан мэдрэмжгүй тайлбар Монгол Улсын дипломат албанд байх ёсгүй.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА