ХУУЛЬ БАТЛААД ИНГЭТЛЭЭ ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙСНЫГ НЬ МЭДЭХГҮЙ ЮМ

0
54

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2021.1.15/ УИХ-аар эцэслэн баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 50 нь 96.2 хувийн саналаар дэмжин, баталжээ.
Энэ хуулийг баталсан эрх баригч намын гишүүд ихэд баяр хөөртэй байна.
Өдийд лав хуулиа тэмдэглээд конъякаа татацгааж суугаа биз.
“Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшилж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар
онцолсон.
Тэгвэл энэ хуулийг УИХ батлангуут МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ.
Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа дөнгөж сая УИХ дийлэнх олонхиор эцэслэн баталлаа.
Шүүхийн тухай хууль бол 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн гол хуулиудын нэг юм.
Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг.
Тийм учраас Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн юм.
Монгол Улсад шударга ёсыг бий болгох үйлсэд сэтгэл гарган оролцож, МАН-д итгэл хүлээлгэсэн сонгогч түмэндээ, хуулийн төсөлд саналаа өгсөн, гар бие оролцсон залуучууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, УИХ-ын гишүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье!
Монгол Улсад шударга ёс тогтож, Монгол төр мандан бадрах болтугай” гэлээ.
Мөн Хууль зүйн Байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгэл нь хөдөлж бараг шүлэг бичжээ.
Тэрээр “Монгол Улсын Шүүхийн тухай хууль Улсын Их Хурлаар 96.2 хувийн саналаар эцэслэн батлагдлаа.
Шүүхийн тухай хууль бол ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГ ТОМ САЛАА МӨЧИР НЬ.
Шүүхийн тухай хууль бол ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ШУДАРГА ЁСНЫ суурь нь юм.
Шүүх болон шүүгч ХЭНЭЭС Ч ЮУНААС Ч ХАРААТ БУС ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ.
Одоо шүүгч нар АЛДААГАА ХУУЛЬ РУУ ЧИХЭХ ЭРХГҮЙ болсон.
Нийт иргэд ХУУЛИЙН ДОР АМЬДАРЧ БАЙХАД нэг хэсэг хүн ХУУЛИЙН ДЭЭР ДЭВСЭЛДЭГ байдлыг төгсгөл болгож байна.
Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ Шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжих болно.
Иргэдийн ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ эрхийг энэ хуулиар хамгаална.
ШҮҮХЭД, ШҮҮГЧИД хуулиас өөр ДАРГА байхгүй болсон.
Энэ цагаас эхлэн ЭЗЭНТЭЙ ШҮҮГЧ, ЭРХ МЭДЭЛ,, ЭДИЙН ЗАСГААС ХАРААТ ШҮҮГЧ гэж хэрхэвч байж болохгүй.
ШҮҮГЧ ШҮҮГЧДЭЭ НӨЛӨӨЛДӨГ, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна.
Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж ХОНГИЛ ҮҮСГЭДЭГ АСУУДАЛ төгсгөл болж байна.
Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, ШҮҮГЧИД ХОРИГЛОХ 40 ГАРУЙ ЗӨРЧЛИЙГ ТОДОРХОЙ ТУСГАЖ ӨГЛӨӨ.
Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус САХИЛГЫН ХОРОО энэ хуулиар бий болж байна.
Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН, ТОМИЛОХ ЖУРАМ, ТАВИХ ШААРДЛАГЫГ тодорхой болголоо.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 10 гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилж байхаар боллоо.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгалаа.
ҮХНӨ-д тусгасан ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР БАЙГУУЛЖ БОЛОХ зохицуулалтыг хуулийн төсөлд дэлгэрүүлэн тусгалаа.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР БҮХЭН ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙХ, ҮНДЭСЛЭЛ, ШИЙДВЭР БОЛГОН НЬ ИЛ ТОД БАЙХ-ыг үүрэгжүүлж өглөө.
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ батлагдсанаар Монголын нийгэмд нүүрлэсэн ШУДАРГА ЁСНЫ ӨЛСГӨЛӨН зогсох ёстой.
САЙН ХУУЛИЙГ МУУ ХЭРЭГЖҮҮЛЖ АМИЙГ НЬ ТАСЛАДАГ АЛДАА ГАРГАЖ БОЛОХГҮЙ.
ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ бол АРД ТҮМНИЙ ШУДАРГА ЁСНЫ ХҮСЭМЖЛЭЛИЙН БОДИТ БИЕЛЭЛ ЮМ” гэв.
Ер нь энэ Шүүхийн тухай хууль ямар шидтэй юм болчихов?!
Тэднийг хууль батлаад ингэтлээ хөөрч байсныг үзээгүй юм сан.