ХОДООДНЫ ХАВДАРТАЙ Т.БАТБАЯР ГУАЙД ХАГАЛГАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

0
267

ХСҮТ-д ходоодны хавдрын мэс засалд орох байсан иргэн Т.Батбаярыг төлбөрийн хариуцагч эмч нь 25 хувь буюу 3 сая төгрөг төлөхийг шаардсанаас болж хагалгаа хийлгэж чадаагүй асуудал олон нийтийн анхаарлыг татсан билээ.

Амьдралын боломж тааруу тухайн иргэн яаралтай төлөх 3 сая төгрөгийг төлж чадаагүйгээс хагалгаанд орж чадаагүй, хөнгөвчлөх эмчилгээнд орж байгааг Livetv.mn олон нийтэд мэдээлж байв.

Ард олны дунд өндрөө авсан энэ асуудлаас болж ХСҮТ өндөр өртөгтэй хагалгааны зардлын 25 хувийг иргэдээс гаргадаг журмаа цуцалж, үнэ төлбөргүй болгож байгаагаа өчигдөр зарласан юм.

Түүгээр зогсохгүй өвчтөн Т.Батбаярт хагалгаа хийх боломжтой болсон сайхан мэдээг дуулгажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуай руу УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн   “Сонгдо” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үзүүлсэн шинжилгээний хариунаас дүгнэлт хийж үзэхэд “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой” байна гэсэн дүгнэлт гарсан. Яаралтай ирж шинжилгээнд хамрагдаад хагалгаанд ор”  хэмээн холбогджээ.

Т.Батбаяр гуай ирэх ням гаригт эмнэлэгтээ хэвтэхээр болсон байна. Хагалгаа нь амжилттай болж, урт удаан наслах болтугай.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА