УЛААНБААТАР, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 10 ХОНОГ СУНГАЛАА

0
33

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Тус хуралдаанаас Covid-19 цар тахлын голомтын бүс болоод буй Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт ирэх арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл хөл хориог сунгахаар болсон талаар мэдээллээ. Харин халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон бусад халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоор болж, хатуу хөл хорины дэглэмийг бууруулахаар шийдвэрлэжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд олон нийтийг хамарсан арга хэмжээг хоригложээ.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёрдугаар сарын 1-н хүртэл 19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хугацаанд өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийлсэн. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна. 19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3,400 хүн өвчлөх магадлалтай байлаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа. Төмөр замын нийт 15,870 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Ойрын хавьтал гээд улсын хэмжээнд 8,000 гаруй, дам хавьтлын 30 мянган хүнийг судалгаа шинжилгээнд хамруулж дууслаа. Зам тээврийн салбарт үүсээд байгаа МХЕГ, боловсрол, ХХАА, уул уурхай, гадаад харилцааны чиглэлийн асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж байв.

Өвчлөлийн бүрэн зураглалыг гаргаж авах, зарим массын шинжилгээг хийх шаардлагатай байна. Бид 14 хоног буюу нэг нууц хугацаанд ажиллалаа. Цааш нь 14 хоног хөл хориог сунгах ёстой гэсэн саналыг ЭМЯ-наас ирүүлсэн. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс 10 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмийг сунгах нь зүйтэй гэсэн. Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Халдвар тархаагүй, халдварыг хяналтад авсан газруудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр  гаргаад байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас  арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүлж байна. Бусад аймгуудад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арвахоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас эхлэн бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна” гэв.