БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: ШИНЖЛЭХ УХААНЫ КЛАСТЕРИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРСНООР ЭРДЭМТДИЙН СУДАЛГААНЫ ТӨВЛӨРӨЛ БИЙ БОЛНО

0
156

 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Монголын Шинжлэх ухааны ажилтны өдөр, Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхт өдрүүд тохиож байна. Энэ сэдвээс яриагаа эхэлье.

-Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт эрдэмтэн судлаачид, албан хаагчид, энэ салбарын түүхийг бүтээлцсэн ахмад эрдэмтэд, буурлууддаа  шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг дэвшүүлье.

Шинжлэх ухааны ажилтны өдөртэй давхцан энэ жил Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 99 жил, Шинжлэх ухааны академийн 59 жилийн ой тохиож байгаа. Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инноваци, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай юм.

Өнгөрсөн жил Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хандлагаа өөрчлье” уриатайгаар амжилттай зохион байгуулж, их хурлаас дэвшүүлсэн зорилт, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газрын 379 дүгээр тогтоолыг баталсан онцлог жил байлаа.

Салбарын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжилтийг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, эрдэмтэн, судлаач, ажилтан нараа дэмжих, хөгжүүлэх, шинжлэх ухаанч соёлыг нэвтрүүлэх нь миний үүрэх ачаа, хариуцлага минь байх болно.

-Сайдын ажлын төлөвлөгөөнд шинжлэх ухааны салбарт хамгийн түрүүнд хийж гүйцэтгэе гэж төлөвлөсөн ажил юу байсан бэ, явц нь ямар байна?

-Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг “Алсын хараа-2050”, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, ЗГҮАХ-т тусган батлуулсан. Энэхүү бодлого, төлөвлөлтөө хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалт, менежмент, санхүүжилтийн механизмыг  боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газраас өргөн баригдсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн. УИХ-аар батлагдсан 2021 оны төсөвт салбарын судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийн бүтэц, чиглэлийг оновчтой хэлбэртэй байхаар батлууллаа.

Салбарын дэд бүтэц, судалгаа шинжилгээний лаборатори, техник тоног төхөөрөмжийг олон улсын түвшинд хүргэх, судлаач эрдэмтдийн хамтын ажиллагааг сайжруулах, судалгааны ажлын үр дүнг улсын, салбарын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээнд хүргэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.

Энэ намар Шинжлэх ухаан, технологи инновацийн төвийн кластерийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь манай шинжлэх ухааны салбарт түүхэн чухал үйл явдал болсон. 74300 метр квадрат талбайд баригдах 7 хэсэг барилга байгууламжаас бүрдэх энэ кластерт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан салбар дундын судалгааны төвүүд үйл ажиллагаа явуулна. Нэгдсэн кластерийн цогцолбор ашиглалтад орсноор эрдэмтдийн судалгааны төвлөрлийг бий болгох, тэднийг хамтарч судалгаа шинжилгээгээ хийх боломжийг бүрдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг төвлөрүүлэх, чадавхжуулах бодлогуудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр манай салбарын өрсөлдөх чадвар олон улсын түвшинд хүрч, үндэсний инновацийн тогтолцооны үндэс суурийг бүрдүүлэх, чанаржуулахад чухал алхам болно гэж үзэж байна.

-Боловсрол, шинжлэх ухааны салбарууд улсын хөгжил, эдийн засгийн бүтээмжид нөлөө үзүүлж ирсэн. Шинжлэх ухааны салбарт зөв менежмент, сайн бодлого гэж олон жил ярьсан. Та энэ салбарт ямар өөрчлөлт гаргах вэ?

-Улс, салбар, байгууллага, гэр бүл, иргэний хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа нь шинжлэх ухаанч судалгаа, шинжилгээнд суурилсан, үндэслэлтэй, үр дүнд хүрэхүйц, бодитой байх ёстой гэж үздэг. Судалгаа, шинжилгээний ажлын чиглэл зөв тодорхойлогдон, судлаач эрдэмтдийн хамтын нэгдэл, баг зөв бүтэцтэй байхаар зарим зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэхээр эрдэм шинжилгээний хүрээлэнгээ нийлүүлж, салгах асуудал гэж ойлгож болохгүй. Бид өнгөрсөн хугацаанд ийм чиглэлээр олон удаа бүтцийн өөрчлөлт хийсэн, ахиц дэвшил бага зэрэг гарсан ч уялдаа холбоо, үр дүн төдийлөн сайжрахгүй байна.

Шинжлэх ухаан төрийн ивээлд, төрийн бодлогын тэргүүн эгнээнд байх ёстой. Шинжлэх ухаанч соёлыг улсын бүх салбар, түвшинд нэвтрүүлж, хэрэглээнд оруулах хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас Шинжлэх ухааны академийн статус, чиг үүргийг оновчтой болгож, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн статусыг чанаржуулж, үйл ажиллагааг тогтмолжуулж, удирдлагын уялдаа холбоог сайжруулна. Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, үйл ажиллагааг өөрчлөх, хүрээлэн, их сургуулиудын  судалгаа шинжилгээний ажлын уялдааг сайжруулж, эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлж, судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх ажлыг тасралтгүй, тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Хүний нөөцийн хувьд шинжлэх ухааны салбар маань ямар байна вэ. Судалгаа хөгжүүлэлтийн ажил нь чадвартай эрдэмтэд, судлаачдын хүчээр хөгжиж байдаг. Хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлд ямар алхмууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Шинжлэх ухаан, технологийн салбарт 65 эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 35 нь төрийн өмчийн, 7 нь хувийн хэвшлийн хүрээлэн, мөн төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 13 их сургууль эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил хийж байна. Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны  байгууллагуудад 4277 ажилтан ажилладгаас шинжлэх ухааны доктор 109, боловсролын доктор 724 хүн байна.

Манай орны хувьд их дээд сургуулийн багш, судлаачдыг оролцуулаад 1 сая хүнд 520 орчим судлаач ногдож байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин бага юм. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод 2025 он гэхэд салбарын хүний нөөцийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Шинжлэх ухаан, технологи, инновацийн кластерын нэгдсэн цогцолбор, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн лабораторийн барилга, Шинжлэх ухааны паркийн бүтээн байгуулалттай уялдуулан хүний нөөцөө сургаж бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгамдаж эхэлнэ.

Салбарт маань чадварлаг эрдэмтэн, судлаачид олон байгаа ч залгамж үеийг нь тасралтгүй бэлтгэж байх ёстой. Цаашид эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, чадавхжуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага бий. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Гадаадад ажиллаж байгаа монгол эрдэмтэн судлаачдаа эх орныхоо шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд татан оролцуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, цалингийн тусгай сүлжээг бий болгох, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орон сууцанд хамруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, зорилтоо тодорхойлоод ажиллаж байна.

-Шинжлэх ухааны суурь болсон боловсролын салбарт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын ажлуудаасаа эхлүүлж амжив уу, “Ковид-19” цар тахал нэлээн саад болж байх шиг байна?

-Коронавирус (COVID-19)-ийн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн жилийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлж, энгийн горимд шилжүүлсэн. Энэ ажлын зохион байгуулалтын судалгаа, бэлтгэл, гүйцэтгэлд найм, есдүгээр сарыг бүхэлд нь зориулсан гэхэд болно. Салбараараа хамтран зүтгэж, зорьсноор хичээл сургалтаа танхимаар хэвийн үргэлжлүүлж чадсан. Харамсалтай нь энэ сард эргээд хорио цээрийн нөхцөлд орж танхимын сургалт түр зогсон теле болон цахим хэлбэрт орчихлоо.

Боловсролын сургалтын байгууллагын  удирдлага, сургалт, дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх туршилтыг 90 сургууль, цэцэрлэгт эхлүүлсэн.  Боловсролын сургалт, удирдлагын үйл ажиллагааг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлж болох талаар “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох албан хаагч нарт сургалт хийлээ. Сургалтын цахим платформыг хөгжүүлж, цахим контент, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих боломжийг бүрдүүлэх том ажлын эхлэл юм.

Боловсролын ерөнхий хуулийн болон салбарын бусад хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталж,