6,000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон гэв

0
203

Монгол Улсын гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ГХЯ нийт 147 ажилтан, 13 газар, 5 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ үеэр Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж байгаа талаар асуухад “Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулсан. Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажил өнгөрсөн сард хийгдлээ. Нийт 6,000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугааруудыг бүртгэх ажил хийгдэн журмын бусаар авсан машины дугаарыг цуцлах ажил хийгдсэн. Дипломат дугаартай бүх машинууд чиптэй болсон бөгөөд хаанаас хаана хүрч байгааг бүрэн хянах тогтолцоо бүрдлээ. Түүнчлэн дипломат ажилтнууд нэг сарын хугацаанд гадаад оронд зорчсон бол сар бүр мэдээллийг нь авч байх тогтолцоо ч бүрдсэн” хэмээв. Мөн “Дипломат алба болон Элчин сайдын томилгоон дээр ямар нэгэн шахаа байхгүй. Хэн нэгний нөлөөн дор томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнээ Элчин сайдын яаманд болон Элчин сайдаар томилох бодлогыг баримталж ажиллана. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үндсэндээ Засгийн газрын шийдвэр гарч, Ерөнхийлөгч дээр орж зөвшилцөн дараагаар нь УИХ дээр эцэслэдэг. Өөрөөр хэлбэл, Элчин сайдыг томилох эцсийн шийдвэрийг УИХ гаргана” гэлээ.

Шинээр Элчин сайдыг тодруулах уу? гэх асуултад “Хуулийн дагуу шинээр элчин сайд нарыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж өргөн мэдүүлэх ажил бий. Энэ онд хугацаа нь дуусаж хэтэрсэн 7 орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа ба 20 элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх юм. Энэ ондоо багтаад энэ ажлыг хийнэ. Хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг татсан. Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа. Тэгэхээр нийтдээ энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана” гэв.