Д.Сумъяабазар сайдын суудал нэхэх нүүртэй боллоо

0
2

Өмнөх засгийн үед УУХҮ-ийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга болж гялалзаж явсан Д.Сумьяабазар УИХ-ын сонгуулиас хойш сайд ч үгүй, юу ч үгүй сул гишүүн шахуу болоод байсан. Тэгвэл Орон нутгийн сонгуулиар Нийслэлийн МАН олонхи болж тус намын хорооны дарга Д.Сумъяабазарын рейтинг суга өслөө. Учир нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээс түүний өгсөх, уруудах нь шийдэгдэх байв. МАН-ын удирдлагуудтайгаа таарамж муутай байсан Д.Сумьяабазар энэ сонгуулийн ял, гавьяа алийг нь ч хүртэхээр болчихоод байсан. Сонгуульд нэр дэвшигчдийг өөрөө дангаар тодруулж, сонгуулийн хугацаанд төв намаасаа дэмжлэг бага авсан гэдэг. Одоо Д.Сумьяабазар Хотын даргыг хэний ч оролцоогүйгээр шахам сонгож томилуулах эрхтэй болж байна. Хамгийн гол нь тэрээр УИХ-ын сонгуулийн дараахнаас буланд шахуулж, улс төрийн карьераа хэрхэхийг мэдэхээ болиод байсан. Үнэхээр ч Д.Сумьяабазартай холбоотой олон асуудал ил болж, булталзаж, түүнийг хамжин дэмжиж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ч хуруугаа хөдөлгөх боломжгүй болоод байсан юм. Гэхдээ тэр хэцүү үеэ бодвол Орон нутгийн сонгуульд бөхөөр бол “Давчихлаа” гэсэн үг. Тиймээс Д.Сумьяабазар У.Хүрэлсүхээс сайдын суудал нэхсэн ч улайхааргүй нүүртэй болов.