Ерөнхийлөгчийн зулгаасан “одон”-той санал

0
3

2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль амжилттай болж дууслаа. Орон нутгаас 21 аймгийн наймд нь АН олонх болжээ. УИХ-ын сонгуульд намынхаа хагарлаас болж өвдөг шороодсон АН-ынхны хувьд энэ бол амжилт юм.
Ялалтын тухай АН-ын зарим нөхдүүд ардчиллын салхи орон нутагт эргэж, ялалт байгуулан мандатаа авсан мэдээг бахархалтайгаар зарлан тунхаглаж харагдсан. Санал авч, сонгогдсон нь үнэн.
Гэхдээ энэ саналын шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог “Алдарт эх”-ийн одон болов. Өөрөөр хэлбэл, “Алдарт эх”-ийн одон авсан ээжүүд, тэдний гэр бүл талархсан сэтгэлээр АН-ыг сонгосон байх талтай.
Учирлавал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ес, аравдугаар саруудад 21 аймагт ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонссон.
Ингэхдээ “Алдарт эх”-ийн одон гардуулж явсан нь хүмүүсийн сэтгэлийг татаж байв. Аймаг бүрээс энэ жил одон хүртэхээр тодорхойлуулсан ээжүүд цар тахлын улмаас “Алдарт эх”-ийн одонгоо цаг хугацаанд нь авч чадаагүй хүлээлт үүсжээ. Тэд он дуусахаас өмнө одонгоо авах хүсэлтэй байсан нь тодорхой.
Тэдний хүлээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр очиж “Алдарт эх”-ийн одонг гардуулж биелүүлэв. Улсынхаа Ерөнхийлөгчөөс одон авна гэдэг нэр хүндийн хэрэг шүү дээ.
Аймгуудын Сёлын ордноор дүүрэн гоёж гоодсон ээжүүд одонгоо догдлон хүлээж авсан нь дамжиггүй. Мөн тэднийг хүлээсэн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд бараг аймаг даяараа хүлээж байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа биз. Төсөөлөх ч гэж угаасаа ийм л зүйл болсон.
Архангай аймагт 288, Баянхонгор аймагт 338, Булган аймагт 208, Завхан аймагт 227, Төв, Говьсүмбэр аймгуудад 486, Сэлэнгэ аймагт 382, Хөвсгөл аймагт 531 ээжүүдэд “Алдарт эх”-ийн одонг гардуулсан байгаа юм.
Тэгэхээр энэ арга хэмжээ дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг аймгийн хэмжээнд баярлаж, талархсан сэтгэлээр үдсэн байж таарна. Ингэж айл бүрийн хойморт одон гардуулж буй Ерөнхийлөгчийн зураг заларсан.
Угтаа энэ нь санаандгүй арга хэмжээнүүд биш бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр сонгууль хавсруулан бодсон PR бололтой юм.
Учир нь энэ үйл явдалтай залгаад аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болсон. Ингээд л аймаг, сумын ИТХ-ын сонгуульд найраа хийсэн одонтой ээжүүд, тэдний гэр бүлийнхэн АН-ыг дэмжсэн.
Тиймээс үүнийг 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон, ирэх онд дахин нэр дэвших Ерөнхийлөгч Х.Баттулгын зулгаасан “одон”-той санал гэвэл зохино.