АТГ: Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олон зөрчил илрүүлэв

0
3

АТГ-аас Сонгинохайрхан дүүргийн газрын албыг шалгаж албан тушаалтнууд хууль бусаар газар эзэмшиж байж болзошгүй зарим үйлдэлд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахаар болжээ. АТГ-ын шалгалтаар хууль журам зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл цөөнгүй илэрсэн байна. Тэр дунд газар эзэмшихтэй холбоотой өргөдөл, хүсэлтийг хуулиар зохицуулаагүй, журамлаагүй асуудлаар иргэдэд хүнд суртал чирэгдэл учруулж зохиомол асуудал бий болгосон. Хоёр байгууллагад давхардуулан газар олгосон. Нэг ижил өргөдлөөр олон газар шилжүүлэн авсан зэрэг “но” илэрсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүний шийдвэрээр энэ оны нэгдүгээр улиралд дүүргийн Засаг даргын 20 удаагийн захирамжаар 1719 иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.Ингэхдээ нэг хүн хоёроос дээш хүний өргөдөл бичиж олон удаа давхардуулан газар олгосон. Зарим тохиолдолд иргэний газар хүссэн өргөдлийг төлөвлөвлөгөөнд ороогүй эсвэл олгосон газар гэж тайлбарлан хүлээн авахгүй,  иргэдийг хохироосон дутагдал цөөнгүй илэрчээ. Тухайлбал, иргэн, аж ахуй нэгжээс газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдөл, хүсэлтийг нягталж шалгахдаа бөөгнүүлж байгаад 14-21 хоног тутамд  бэлтгэн, хүргүүлж байгаа нь иргэдэд чирэгдэл, хүнд суртал болж байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.  Нөгөө талаас  Засаг дарга газрын албанаас ирүүлсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс бүх төслүүдийг шалгаж байна хэмээн шат дамжлагыг  нэмэгдүүлдэг. Иргэдээс хамгийн их гаргадаг газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд  заасан ерөнхий хугацаагаар шийдвэрлэж байгаа нь газрын асуудал шийдэгдэхгүй удах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс иргэдээс Газрын тухай хуульд заасан асуудлаар Газрын албанд хандсан асуудал бүрийг шийдвэрлэхэд шат дамжлага бүрээр зарцуулах хугацааг тодорхой зохицуулж өгөх шаардлагатай байна гэж үзжээ.

Өнгөрсөн оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн 20, 24, 32 дугаар хорооны 228, нийт 642 байршлын 400 гаруй байршилтай АТГ танилцахад 21 дүгээр хороо “Эх булгийн тохой” компани газраа ашиглаж байсан боловч газрын төлбөрөө төлөөгүй. Бусад 642 байршил  мөн л газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу хоёр жил дараалан огт ашиглаагүй зөрчил илэрчээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Газрын албанд өнгөрсөн онд 2760 өргөдөл, хүсэлт ирүүлснээс 120-ыг түүвэрлэн шалгахад иргэдийн газар хүссэн өргөдөл он, сар, өдөргүй. Нэг хүн хоёроос дээш хүний өргөдөл бичсэн. Иргэн, аж ахуйн нэгжээс газар хүссэн өргөдлийг зөвхөн тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байх,  кадастрын тойм зурагтай авдаг гэж тайлбарлаж бусад өргөдлийг хүлээж авахгүй буюу бүртгээгүй. Жишээлбэл, иргэн Э.Санчир өнгөрсөн оны есдүгээр сард  Дүүргийн засаг даргын захирамжаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд нэр бүхий 10 иргэнээс тус бүр 700.0м.кв газрыг шилжүүлэн авсан байжээ. Өөрөөр хэлбэл, 2014 оны захирамжийг харвал 10 өөр иргэн авсан мэт харагдаж байгаа боловч өргөдлийн утга адилхан, он, сар, өдөр бичээгүй, иргэний үнэмлэхний хуулбар байхгүй, холбоо барих утас бичигдээгүй, хүлээж авсан бүртгэл хяналтын карт дээр ямар нэг цохолт байгаагүй аж. Энэ нь Газрын албаны албан хаагч, дарга эсвэл дүүргийн болон Нийслэлийн албан тушаалтнууд өөрсдөдөө бусдын бичиг баримтаар албан тушаалын байдлаа урвуулан газар эзэмшиж авсан байх магадлалтай гэж АТГ үзэж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахаар болжээ. 10 иргэнээс иргэн Э.Санчир гэх хүн газрыг шилжүүлэн авахдаа Ц.Ариунсанаа гэх бие төлөөлөгчөөр дамжуулан мөн адил нэг ижил утга бүхий хэвлэж бэлтгэсэн сар, өдөргүй өргөдлөөр шилжүүлэн авсан байна.

Тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллын мэдээллийг  улсын бүртгэлийн гэрчилгээний “Э”дугаар авахаар дундын мэдээллийн санд цахимаар мэдүүлдэг. Ингэхдээ улсын бүртгэлийн ажилтан  мэдээллийн үнэн зөвийг ажлын тав хоногт хянан шалгаж, улсын бүртгэлд бүртгэн “Э” дугаарыг олгодог байна. Харин Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газар эзэмших, ашиглахтай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд 5751 мэдээллийг дундын мэдээллийн санд мэдүүлжээ.  Гэтэл ажлын тав хоногт улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдэх “Э” дугаар олгох эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаатай боловч 10-аас дээш өдрийн хугацаанд хариу өгсөн 163 мэдээллийг 86 хоногийн турш хариу өгөөгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ажилтан Газрын албанаас Дундын мэдээллийн санд буцаасан 402 мэдээллээс газрын хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн 27, Засаг даргын захирамжид нэр байхгүй 21, хаяг зөрүүтэй  18, Засаг даргын газар эзэмших, ашиглуулах талаар гаргасан захирамж байхгүй 17 мэдээлэл байгаа аж. Иймд  төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох боломжтой гэх  Дундын мэдээллийн цахим сан нь газар олгох, эзэмших хүсэлт өгсөн иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсэх шалтгаан нөхцөл болж байгаа учраас илүү боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг АТГ-аас анхааруулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин