“Монголросцветмет”-ийн захирлуудыг өөрчилнө

2020-09-16

“Монголын зэс корпораци” компани ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч эх орондоо авчирсан. Өдгөө ТӨҮГ хэмээх статустай болсон дээрх хоёр том үйлдвэрийн “Эрдэнэт” нь илүүтэй олны анхааралд байдаг.

“Монголросцветмет”-ийн хувьд хайлуур жонш, төмрийн хүдэр, алт, хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, олборлолт, баяжуулалт, хүдэр олборлолт, баяжуулалт, геологи, хайгуулын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэнтийд “Бор-Өндөр”уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар суманд “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдтэй. Жилд 397 төрлийн 68.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг.

“Монголросцветмет”-ийн захирлаар Б.Мөнхбат, Худалдаа, эдийн засаг эрхэлсэн орлогч захирлаар Н.Тэгшжаргал, Нийгэм, эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Б.Батнасан нар ажилладаг. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал байсан Г.Ёндон УУХҮ-ийн сайд болж дэвшсэн.

Ойрын үед ТӨБЗГ-аас “Монголросцветмет”-ийн удирдлагуудыг өөрчлөхөөр болсон байна. Сайд болсон Г.Ёндонгийн оронд Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбыг томилохоор зэхэж байгаа аж.

Мөн захирал, орлогч захирлуудыг ч хөдөлгөж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” Б.Гарьд