Бодлогын хүүг 8 хувь болгон бууруулав

2020-09-15

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал эхэллээ.

Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгаж, 8% болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү бодлогын хүүг 2020 онд, COVID-19 цар тахал гарснаас хойш Мөнгөний бодлогын хороо гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгав.

Энэ оны долдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 3.4 хувь, Улаанбаатарт 3.2 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм. Энэ нь бодлогын хүүг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ онд бусд улсуудын Төв банкууд бодлогын хүүгээ бууруулсаар байна. Ингэснээр санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг бага байлгахад дэмжлэг болох юм.

БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛСНААР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Бодлогын хүү гэдэг нь Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулах нь бизнесийг идэвхжүүлж зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм.

Банкнууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхийн тулд төв банканд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.