Дэлхийн теннисчдийн чансааг тэргүүлэгч Новак Жокович шүүгчийг бөмбөгөөр онон тэмцээнээс хөөгджээ

2020-09-07

Дэлхийн эрэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй Сербийн Новак Жокович Их дуулгын “US Open” тэмцээний дөрөвдүгээр тойрогт Испанийн Пабло Карреньо-Бустойтой тоглож байхдаа бухимдлаа барьж чадалгүй халааснаасаа бөмбөг гарган цохиураар цохин ард нь байсан шугамын шүүгч эмэгтэйг толгойд нь оножээ.

Бэртсэн эмэгтэй хэдэн минутын турш босч чадаагүй аж. Үүний дараа шүүгчид тоглолтыг зогсоон Новак Жоковичийг тэмцээнээс хасан чансааны болон хожсон тоглолтуудын шагналын мөнгийг нь олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тоглолтыг зогсооход Испанийн теннисчин 6:5-аар хошуучилж байжээ.

Пабло Карреньо-Бустой ийнхүү “US Open”-ий шөвгийн наймд шалгарч үлдлээ. 53.4 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн энэ сарын 13-нд өндөрлөх юм.

Эх сурвалж: news1.mn