Хойшилсон “EURO 2020” тэмцээн 2021 оны VI.11-VII.11-нд тивийн 12 улсын цэнгэлдэхэд болно

2020-06-19

Европ тивийн хөлбөмбөгийн аварга баг шалгаруулах “EURO 2020” шигшээ тэмцээн Коронавирусийн цар тахлаас болж бүтэн жилээр хойшилсон. 56 гишүүнтэй Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА тус шигшээ тэмцээнийг ирэх 2021 оны VI.11-нээс VII.11-ний хооронд зохион явуулах шийдвэр гаргаж тоглолтын хуваарийг баталлаа. Тус холбооны үүсч хөгжсөнийн 60 жилийн ойтой давхцах Европ тивийн АШТ нь урьд өмнөх тэмцээнээс өвөрмөц хувилбараар, тоглолтууд нэлээд олон улсын нутаг дэвсгэрт буюу нийт 12 улсын 12 хотын төв цэнгэлдэхэд болох хуваарьтай.

Тэмцээн Италын нийслэл Ром хотын цэнгэлдэхэд Турк-Итал багийн нээлтийн тоглолтоор VI.11-нд эхэлж, финалд шалгарахын төлөөх шөвгийн тоглолтууд  Оросын Санкт-Петербург, Английн Лондон, Германы Мюнхен, Азербайжаны Баку, Италын Ром, Румыний Бухарест, Данийн Копенгаген, Голландын Амстердам, Испанийн Бильбао, Шотландын Глазго, Унгарын Будапешт,  Ирландын Дублин хотын, нийт 12  цэнгэлдэхэд зэрэг болох юм. Аваргын төлөөх финалын тоглолт Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд VII.11-нд болно. Европ тивийн хөлбөмбөгийн отгон аварга нь Португал билээ.