Японы сөрөг хүчний отолтод урхилагдсан мөрийтэй тоглогч Прокурор огцорлоо

2020-05-22

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава нэгд, тус улсад хуулиар хориглосон мөрийтэй маажин тоглосон, хоёрт энэ үеэрээ COVID-19 тахлын талаар гаргасан зөвлөмжийг үл тоомсорлож амны хаалт зүүгээгүй, хоорондын 1 метрээс хол суух заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа огцров. Японы ерөнхий сайд Абэ Шинзотай дотно харилцаатай гэдэгтээ эрдэж биеэ тоосон үйлдэл хийсэн тэрбээр уг нь 63 нас хүрсэн учраас тэтгэвэртэй суух ёстой байлаа. Гэсэн ч энэ зун суудал нь онгойх улсын Ерөнхий прокурорын албанд дэвших горилогч учраас гавьяаны амралтдаа гараагүй.

Японы сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд  Абэ Шинзогийн эсрэг улстөрийн явууллагын хүрээнд түүний “гарын хүн” болох Хирому Курокаваг намнахаар хийсэн зорилгот ажил нь ийнхүү амжилттай өндөрлөв. Улстөрийн отолт хийсэн сөрөг хүчнийхэн түүнийг “Санкей” сонины ажилтны гэрт очиж  тус сонины хоёр, “Асаки” сонины нэг сэтгүүлч, дөрвүүлээ тавдугаар сарын 1, 13-нд хоёр ч удаа мөрийтэй маажин тоглож, Ковид-19 цар тахлын үеийн зөвлөмжийг зөрчиж байгааг нь илрүүлж олон нийтэд дэлгэсэн байна. Маажин нь дөрвөн оролцогчтой хятадын үндэсний хөлөгт  тоглоом. Хүмүүс сайн мэдэх доминтой нэлээд төстэй, 144 шоог салхи, луу, цэцэг, улирал гэж бүлэглэн хөзөр шиг өнгөөр хувааж, өвөрмөц дүрмээр тоглодог.