“Манчестэр Сити” багийн “ялын” хэмжээг VI.8-10-нд эцэслэн тогтооно

2020-05-20

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас Английн хөлбөмбөгийн аварга “Манчестэр Сити” багийг 2012-2016 онд санхүүгийн шударга өрсөлдөөний “Financial Fair Play” дүрмийг зөрчсөн хэрэгт нь харицлага тооцож 30 сая еврогийн торгууль, Аваргуудын лигт ирэх хоёр жилд оролцох эрхийг нь хассан шийтгэл ногдуулсан. УЕФА-гийн өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан уг шийтгэлийг тус клуб хөнгөрүүлэх зорилгоор Олон улсын арбитрын шүүх (CAS)-эд давж заалдаад байгаа. Арабын тэрбумтан Катарын шейк Мансур “Манчестер Сити”-г хэдэн жилийн өмнө худалдан авч дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг мөнгөөр зодож клубтээ тоглуулснаар тус багийг Англи, Европоор зогсохгүй дэлхийн шилдэг болгож өөрчилсөн. Гэхдээ хөлбөмбөгчдийн солилцоо наймаа хийхдээ “Financial Fair Play”  дүрэм зөрчиж, улмаар үүнийгээ дансны бичилтийн аргаар нуун дарагдуулсан нь илчлэгдэж шийтгэл хүлээх нь тодорхой болсон юм. Хэрвээ Аваргуудын лигээс хоёр жилээр хасагдвал шилдэг бүх тоглогч нь багийг орхих аюул нүүрлээд байгаа учир УЕФА-гийн шийтгэлийн энэ заалтыг цуцлуулахаар Олон улсын арбитрын шүүх (CAS)-эд давж заалдсан. Тус шүүх “Манчестэр Сити”-гийн хэргийг ирэх зургаадугаар сарын 8-10-нд эцэслэн шийдэхээр хуралдана гэж өчигдөр мягмар гарагт зарлалаа.

Коронавирусийн цар тахлын улмаас Английн премьер лиг (АПЛ), Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн 1/8 финалын зарим тоглолт гуравдугаар сард түр завсарласан. Испани дасгалжуулагч Пеп Гвардиолагаар удирдуулсан “Манчестэр Сити” баг АПЛ өндөрлөхөд 10 тойрог дутуу байхад одоогоор тэргүүлэгч “Ливерпүүл”-ээс 25 оноо дутуу хоёрдугаар байрт яваа. Аваргуудын лигт 1/8 шатанд Испанийн “Реал М”-тай хоёр тоглохоос эхнийхэд 1:2-оор хожигдсон. Шилдэг наймд шалгарахын төлөөх шийдвэрлэх ганц тоглолт хүлээгдэж байна. АПЛ-ийн цар тахлаас хамаарсан түр завсарлага ирэх зургаадугаар сарын дундуур, Аваргуудын лигийнх долоодугаар сард дуусч хөлбөмбөгийн тоглолтууд үргэлжлэх юм.