-Рентген туяаг хэн нээсэн бэ? -Рентген гуай нээсэн

2020-03-09

 

“Биендээ бяртай бөх хүмүүн байхад үгэндээ бяртай бичгийн хүмүүн бас байна”. Зохиолч Б.Догмид (Төрийн шагналт) ингэж хэлдэг юм байна. Би том зохиолч болно гэсэн зорилтот хөтөлбөр гаргаж, амьдралынхаа хоёр, гурав дахь арван жилийн төлөвлөгөөнд тусгачихсан мянга есөн зуун наяад он дөнгөж гарч байсныг хэлэх үү, урнаар зохиохын бяр амтагдаад явчихлаа. Бөхчүүдийн зарим нь хоёр шуундаа бяртай байхад гол ясандаа тамиртай хүн бий. Бас мэхэндээ бяртай бөх ч байдаг. Тэгвэл миний бичгийн бяр үгэндээ, тэр тусмаа толгой холбон шүлэглэхэд биш хошин шогтоо байх шиг санагдан, сэтгэл огшиж байна. Нэгэнт уран бүтээлч болохоор сэтгэл шулуудсан надад, зохиолч яруу найрагчдын авахыг хамгийн их хүсэн хүлээдэг Д.Нацагдоржийн нэрэмжит Монголын утга зохиолын дээд шагнал тун ч ойрхон юм шиг санагдаж байна.

Намайг зохиолч болохоор ийнхүү зориглон хөдөлсөн тухайн цаг үе буюу 1980-аад онд Монголын шог хошин зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд Ц.Доржготов (хожмын Төрийн шагналт), Шаг.Цэнд-Аюуш (хожмын Соёлын гавьяат зүтгэлтэн), Ж.Барамсай нар, мориор жишвэл энэ цагийн хурдан ажнай Д.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг шарга азарга шиг тасарчихсан байж. Түүнийг нь мэдэхгүй, дээр нь мэдрэхгүй, тэдэнтэй бичсэн хошин шог өгүүллэгээрээ уралдаад тоосонд нь тун их булуулсан даа. Чин үнэнийг хэлэхэд, тоосонд нь булуулаагүй юм байна, тэдний босгосон тоос аль хэдийнэ дарагдсаны хойхно зайд бөгийтөл цогиулж явсан хэрэг.

Олон жил уралдсан хурдны морь уяж сойхоо больчихсон хойно ч, наадам болохоор уяан дээр ирчихсэн зогсоод байдаг шиг, би хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн шог зохиолчийн хэмжээнд хүрээгүй ч цас бороо орж, Цагаан сар өнгөрч билгийн тооллын жил он солигдоод ирэхээр сэтгэл хөдөлж байна. Социализмын үед бичсэн хошин шогоосоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа хойч үеийнхэнд толилуулах сонирхол төрж байна. Тэдний төлөөлөл болгож зүс таних хэдэн залууд хандлаа. “Аттестатчилал” гэдэг хошин өгүүллэгээ тэдэнд уншиж өглөө. Миний энэ өгүүллэгт ажилд орох гэсэн залуу ярилцлагад орж буй, одоогийнхоор бол төрийн албаны шалгалт өгч байгаа тухай гардаг юм. Хэсгээс нь сонирхуулбал,

-Сүхбаатарын хөшөөн дээрх “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг хэн хэлсэн бэ?

-Сүхбаатар гуай хэлсэн.

-Зөв байна. Машины поршинг хэн зохион бүтээсэн бэ?

-Поршин гуай зохиосон.

-Зөв хариуллаа. Эмнэлгийнхэн оношилгоонд хэрэглэж байгаа рентген туяаг хэн нээсэн бэ?

-Рентген гуай нээсэн.

-Зөв байна. Дөрвөд хүн төрийн тулгуур дөрвөн шийр малын тулгуур гэж хэн хэлсэн бэ?

-Дөрвөд гуай хэлсэн.

-Хариулт буруу байна, тийм нэртэй хүн байхгүй. Өөр хувилбар байна уу?

-Аа, тийм. Дарга гуай хэлсэн.

-Зөв хариуллаа. “Халх даяар дуурсах” гэсэн чимэг бүхий аварга цолтой бөхийн нэр?

-Халх гуай.

-Хариулт буруу байна, тийм нэртэй аварга байхгүй. Өөр хувилбар байна уу?

-Аа, тийм. Их Монгол гуай.

-Зөв байна. Октябрийн районы Машин механизмын баазын диспетчерийн нэр?

-Мэлсчой гуай.

-Зөв хариуллаа. Тэр хүнийхээ товчилсон нэрийг задална уу?

-Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан.

-Зөв байна...гэх мэтээр цааш үргэлжилдэг юм.

Гэтэл миний өгүүллэгийг сонссон залуус “Аттестатчилал гэж, бодвол орос үг байх. Бид англиар ойлгох болохоос оросоор нэг ч үг мэдэхгүй. Өгүүллэгийн утгыг байтугай нэрийг нь ч сайн ойлгохгүй байна, уучлаарай, ах минь” гээд,

Харин Поршин гуай гэж хэн бэ? гэж асууж байна. Би,

-Хорьдугаар зууны автомашины нэрт зохион бүтээгч Фердинанд Порше. 1931 онд 55-тайдаа автомашины үйлдвэрээ байгуулсан гэдэг юм. 1951 онд Штутгартад нас барсан хүн гэж хариултал бүгд дуу алдан “Өө, одоо саналаа. Германы Порше гэж машин байдаг юм” гэснээ,

-Рентген гуай гэж хэн бэ? гэж байна.

-Вилгельм Рентген бол 1845-аас 1923 онд амьдарч байсан Германы физикч. 1901 онд Нобелийн анхны шагнал хүртсэн эрдэмтэн.

-Тэгвэл Дарга гуай, Их Монгол гуай гэж юун хүмүүс вэ?

-Дарга гуай гэдэг нь Юмжаагийн Цэдэнбал дарга. БНМАУ-ын нам, засгийн тэргүүнээр 1940-1984 онд ажилласан улстөрч. Энэ эрхмийг тухайн үед “Дарга” гэж, орос эхнэр Анастасия Цэдэнбал-Филатоваг нь “Авгай” гэж нэрлэдэг байсан юм. Их Монгол гуай гэдэг нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, 1911 оны даншгийн наадамд түрүүлж аварга болсон “Их Монгол” хэмээх алдарт бөх Хасын Шаравжамц гэж хариуллаа.

Тэд над руу мэхийн толгой дохиж, миний мэдэхээс байлдааны том оврын зэвсэг “танк” гэдэг үг эхэнд нь орсон “thank you very much” гэсэн өгүүлбэрийг уралдан хэлснээ,

-“Октябрийн районы Машин механизмын баазын диспетчер”, ёстой бидний хэн ч ойлгохгүй орос өгүүлбэр байна. Та монгол болгоод өгөх үү гэж байна.

Уг нь монголоор бичсэн монгол өгүүлбэр. Улаанбаатар хотод ийм нэртэй дүүрэг, ийм нэртэй байгууллага, ийм нэртэй ажлын байр 1970, 1980-аад онд байсан юм. Гэхдээ яая гэхэв, залуус одоо нэгэнт мэдэхгүй хойно. Ойлгомжтой хувилбарт шилжүүлбэл дээрх өгүүлбэр нь “Аравдугаар сарын хувьсгал дүүргийн Дугуйт болоод гинжит тэрэгний цуглуулгын газрын ерөнхий зохицуулагч” гэж бууж байгаа юм. Ташрамд хэлэхэд, тэртээ 1980-аад онд хэн нэгэн нь “Ийгл телевизийн ток шоунаас таксидаад Намянжу рестораны бармэнтай баардлаа” хэмээн надад яривал би ч бас ойлгохгүй хэцүүдэх байсан нь мэдээж.

Намайг “Аттестатчилал” хошин өгүүллэгээ уншиж өгсний дараа сайх залуус, “Та жанжин Д.Сүхбаатарын хөшөөний үгийн тухай тайлбар нийтлүүлбэл хүмүүст сонирхолтой байх” гэж надад зөвлөсөн юм. Тэр тухай доор бичлээ.

Маршал Х.Чойбалсан 1925 оны хавар “Ардын цэрэг” сонины №3-т жанжин Д.Сүхбаатарыг нас барсны нэг жилийн эмгэнэлт өдрийг тохиолдуулан “Ган төмөр мэт мохолтгүй баатар зоригт гавьяат жанжны гайхамшиг дуурсалтай явсан дурсгалын товч өгүүлэл” нэртэй дурсамж нийтлүүлжээ. Дурсамжид Д.Сүхбаатараас журмын нөх­дөдөө хандаж хэлсэн үгийг эшлэл болгон нийтэлсэн байдаг.

Жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан 1946 онд барьж Улсын баяр наадмын өмнө долоодугаар сарын 8-нд нээлтийг хийсэн. Тус хөшөөн дээрх, бид бүгдийн сайн мэдэх үг өгүүлбэрийг дээр дурдсан маршал Х.Чойбалсангийн дурсамж өгүүллээс сонгож авсан.

Дурсамжид “… гавьяат нөхөр Сүхбаатар зүрхний толийг дэлгэж сэтгэлийн лянхуаг нээн сурган жолоодож сэнхрүүлэн ухуулж гэгээрүүлэн сүслэн таниулсан үг буй. “Тэнгэрийн доор дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч, нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдөр түлхэн өссөөр бие тэгшрэн санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн мунхаг адилгүй, хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхгийн савраас гарч, учрах зовлонгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаа үгүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” хэмээх зэргээр сэнхэртэл ухуулсан” гэж бичсэн байгаа.

Ташрамд сонирхуулахад, жанжин Д.Сүхбаатараас боловсрол гэгээрлийн сэдвээр “аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж хэлсэн үгийг маршал Х.Чойбалсангийн энэ дурсамж нийтлэлээс эшлэл болгон авсан байдаг.

Б.ЕРЭНТЭЙ (МУ-ын СГЗ)