С.Чинзориг: Хуульд тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ гаргаж болно гэж заасан

2020-02-18

 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзоригоос цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-АН-ын гишүүд Капитал банкийг дампуурахыг мэдсээр байж НДС-гийн хөрөнгийг татаж аваагүй нь таны буруу гэж тайлбарлаж байна. Ямар учраас та тэр хөрөнгийг байлгаад байсан юм бэ?

-Энд хоёр асуудал яригдаад байх шиг байна. Эхнийх нь арилжааны банканд байршуулсан мөнгөний хүүнээс 2008-2012 онд 47 тэрбум төгрөг, 2012-2016 онд 260-гаад тэрбум төгрөгийн орлого олдог болсон гэж байгаа. Ингэж орлого нь өссөн байхад тухайн үеийн удирдлагуудыг буруутгалаа гэх зүйл ярьж байна лээ. Тухайн үед арилжааны банканд мөнгө байршуулах нь эрсдэлтэй гэж үздэг байсан. Товчхондоо НДС хүүгийн орлогоо олохоос илүү эрсдэлгүй байх нь чухал гэдэг байр суурь баримтлаж байсан. Гэтэл 47 тэрбум байсан хүүгийн орлого 260 тэрбум болж өссөн гэдэг нь өөрөө тийм сайн үзүүлэлт биш. НДС-гийн мөнгийг арилжааны банканд байршуулчихаад 6 дахин өсгөсөн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Хоёрдугаарт НДС-гийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан, түүнийг татаж авч чадаагүй Чинзоригийн буруу, НДС дампуурахад нөлөөлсөн гэж байна лээ. Намайг сайдаар томилогдож очиход нийт арилжааны банкуудад НДС 570-аад тэрбум төгрөг байршуулсан байсан. Түүний 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь Капитал банканд байршсан байсан. Гэхдээ та бүхэн тодорхой хэмжээнд НДС, НДЕГ-аас гаргасан мэдэгдлүүдийг сонссон байх. Тухайн үед тодорхой хэмжээгээр мөрдөх ёстой дүрэм, журмаа зөрчөөд, тодорхой хэмжээгээр өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Ингээд жижиг банканд НДС-гийн 31 хувийг байршуулсан нь НДС-гийн хөрөнгө өөрөө эрсдэлд орох үндсэн нөхцөл болсон гэж бид үзэж байгаа.

Түүнчлэн З.Энхболд дарга гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болоод буруутсан гэдэг асуудал ярьж байсан. Тэр юу вэ гэхээр “Гэрээгээ биелүүлэх нөхцөлгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө буцааж авах” тухай  заалттай. Тухайн үед үүнийг биелүүлэх нэхэмжлэх, шаардлагыг НДЕГ-аас Капитал банканд удаа дараа хүргүүлж байсан. Мөн Монголбанканд хандан манай НДС-гийн мөнгийг Капитал банкнаас гаргуулж өгнө үү хэмээх хүсэлтийг ч хүргүүлж байсан. Харамсалтай нь Монголбанк бидний оролцох ажил биш, бидэнд тийм эрх байхгүй. Анх Монголбанкны оролцоогүйгээр, иргэний гэрээ хэлбэрээр хийгдсэн байна гэдгийг хэлсэн.

-Гэхдээ таныг тэр хэмжээний мөнгийг байршуулсан мэт хэлсэн шүү дээ?  

-Тэгж буруутгаж байна лээ. Би 2017 оны аравдугаар сард сайдаар томилогдож очсон. Намайг очиход Капитал банктай холбоотой гэрээнийх нь хугацаа нь дуусгавар болчихсон, тэдний харилцах дансанд 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байршчихсан байсан. Нэгэнт Капитал банкны эдийн засгийн асуудал хүндэрч байгаа учраас гэрээ байгуулахгүй гэдэг байр суурьтайгаар 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Тэгтэл УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо болон тэндээс байгуулагдсан ажлын хэсэг очиж үзээд Капитал банкны харилцах дансанд 5 хувийн хүүтэй их хэмжэээний мөнгө байршиж байна. Тиймээс хэрвээ мөнгөө татаж авч чадахгүй байгаа бол ядаж хүүгийн алдагдал хүлээхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ ав гэдэг чиглэл өгсөн. Үндсэндээ харилцахад байсан хөрөнгийг хадгаламж болгосон. Түүнээс нэмж, шинээр байршуулсан асуудал байхгүй.

-Одоо тэндээс хөрөнгөө татах ямар арга хэмжээ авагдаж байна вэ?

-Капитал банканд байршуулсан мөнгө гэдэг иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд НДЕГ нэхэмжлэл гаргасан. Шийдвэрийг нь хүлээж байна. Энэ шийдвэр нь Капитал банкны эрх хүлээн авагч нь НДС-гийн хөрөнгийг төсвийн мөнгөтэй адилтгаж үзнэ гээд төлбөр барагдуулах дараалалд хойгуур тогтоочихоод байгаа. Харин бид энэ бол төсвийн мөнгө биш. Нийгмийн даатгалын мөнгө, иргэдийн хадгаламжтай адилтгах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Нэхэмжлэлийн агуулга нь ч тийм. Хэрвээ манай талд шийдэгдчихвэл төсвийн мөнгийг барагдуулах ээлж дарааллын өмнө оруулах боломжтой

-Тэтгэврийн  зээлийг тэглэх асуудал жигдэрчихлээ. Гэхдээ ахмадуудын хувьд дахин зээл авах талаар хүлээлттэй байгаа бололтой?

-Тэтгэврийн зээл тэглэх үйл ажиллагаа эхэлчихсэн. Ирэх даваа гарагаас арилжааны банкныхантай уулзаж, зарим асуудлыг ярилцана. Одоо хуульд тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ гаргаж болно гэж заасан байгаа. Гэхдээ энэ нь цэвэр банкуудын бүтээгдэхүүн учраас тэдний саналыг сонсох нь чухал. Өмнө нь НДС-гаас бага хүүтэй эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байсан. Одоо энэ боломж байгаа эсэхийг судалж байна. Ирэх долоо хоногоос ярилцаж байгаад шийдэх байх.

-Эхний байдлаар тэтгэврийн зээлийн хүү хэд байхаар яригдаж байна вэ. Ер нь хэзээнээс зээл авах боломж бүрдэх бол?

-Энэ арилжааны банкны бүтээгдэхүүн учраас хүүгийн хэмжээг хэлэх боломжгүй. Арилжааны банк хүүгээ тогтооход Засгийн газрын оролцоо байхгүй. Өмнө нь НДС-гийн хөрөнгийг арай бага хүүтэйгээр байршуулах замаар зээлийн хүүг бууруулж байсан.

-НДС-тай холбогдуулаад асуухад АН-ынхан НДЕГ-ын дарга асан Уртнасанг хэлмэгдүүлчихлээ гэж үзээд байгаа юм байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Хууль хяналтын байгуулллага шалгах асуудал байгаа гэж үзээд л шалгасан байх.Түүнээс би юм хэлэх боломжгүй.