18 настай Билли Айлиш Жеймс Бондын тухай шинэ киноны дууг дуулжээ

2020-02-14

Америкийн поп од Билли Айлиш төрсөн ах Финнеас О’Коннеллийнхоо хамт тагнуулч 007 буюу Жеймс Бондын тухай “Үхэх цаг биш” (“No Time to Die”) нэртэй шинэ киноны дууг бичиж өөрөө дуулжээ. 18 настай тэрээр Жеймс Бондын тухай киноны түүхэнд дууг нь дуулсан хамгийн залуу уран бүтээлч болсон байна.

Билли Айлиш алдарт тагнуулчийн тухай 25 дахь киноны дууг дуулсандаа хязгааргүй их баяртай буйгаа “Инстаграм” хуудсандаа бичжээ.

“Үхэх цаг биш” кино ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дэлгэцнээ гарах ажээ. Кэри Фукунагийн найруулсан тус кинонд Дэниэл Крэйг, Леа Сейду, Рами Малек, Кристоф Валц, Ана де Армас нар тоглосон аж.

Билли Айлишийн “When We All Fall Asleep, Where Do We Go?” нэртэй дебют цомог нь АНУ-д 2019 онд хамгийн их зарагдсан цомог болсон билээ.

Б.Төгсөө