“Манчестер Юнайтед” ирэх зун хэний төлөө 160 сая паунд гаргах вэ?

2020-02-13

Английн “Манчестер Юнайтед”-ын удирдлага Эд Вүдворд ирэх зуныг “Маш идэвхтэй ажиллах хугацаа” гэж зарлалаа. Өнгөрсөн зун Харри Магуайр, Даниел Жеймс, Аарон Ван-Биссака нар “Улаан чөтгөр” болсон бол хэдэн хоногийн өмнө Бруно Фернандешийг 55 сая еврогоор мөн эгнээндээ элсүүлсэн. Тэгвэл ирэх зун хэнийг авах тухай хэвлэлүүд таамаглалаа дэвшүүлж, зарим наймааг ярилцаад эхэлчихсэн гэж мэдээлж байна.

“Олд Траффорд”-ын багт бүтээлч буюу тоглолт найруулдаг тоглогчид илт дутагдаж буй тул “Лестер”-ээс Жеймс Мэддисон, “Астон Вилла”-гаас Жек Грилиш нарыг авахаар онилжээ. Хэдийгээр Мэддисон “Үнэгнүүд”-тэй гэрээгээ сунгах магадлал өндөр байгаа ч залуу тэгээд англи тоглогчийг авах гэсэн “Юнайтед”-ын зүтгэл амжилтад хүрэх магадлалтай аж.

Харин Жек Грилиштэй бол “Юнайтед” аль хэдийнэ хувийн гэрээний нөхцөлийн талаар ярилцаад эхэлчихсэн гэнэ. Одоо клубтэй нь үнэ тохирох хамгийн гол ажил үлджээ. Грилишийг “Астон Вилла” 70 сая паундаар үнэлж буй бол Мэддисоныг “Лестер” 90 сая паундаар үнэлж буй юм байна. Сонирхолтой нь Мэддисон Грилиш хоёр Премьер лигийн өвлийн амралтыг хэсэг нөхдийнхөө хамтаар Дубайд өнгөрүүлж байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ