“Дакар 2020” ралли уралдаанд мотоциклийн тамирчин ослоор амь үрэгджээ

2020-01-13

Саудын Арабын цөлд болж буй “Дакар 2020” олон өдрийн ралли уралдааны долоо дахь гарааны 276 дахь километрт Португалийн туршлагатай мотоциклчин Паулу Гонсалвеш жолоо алдан онхолдоод ухаан алджээ. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсний дараахан зүрх нь зогсч нас барсан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Дакарын раллигийн 13 дахь тэмцээндээ оролцож байсан тэрээр дөрвөн удаа ТОП-10-т багтахдаа нэг удаа хоёрдугаар байр эзэлж байсан аж.

Тэсвэр хатуужил шаардсан Дакарын раллид урьд нь 29 тамирчин уралдааны замд амь насаа алдсан билээ. Хамгийн сүүлд 2015 онд Польшийн мотоциклчин Михал Херник онхолдон амь үрэгдэж байв.

Б.Төгсөө