Кимиа Ализадех Зенурин: Би Ираны бохир улс төрд өөрийгөө захируулж цаашид тэвчихгүй

2020-01-13

Ираны түүхэнд Олимпийн наадмаас медаль хүртсэн цорын ганц эмэгтэй тамирчин бол өдгөө 21 настай Кимиа Ализадех Зенурин ажээ. Тэрээр улс төрийн шалтгаанаас үүдэн эх орноосоо дүрвэсэн тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Тамирчин бүсгүй дүрвэх болсон шалтгааныхаа тухай “Instagram” хуудсандаа бичихдээ, “Би жилээс жилд дарлуулж, ашиглуулсан олон сая Ираны эмэгтэйчүүдийн нэг. Эрх баригчдын өмс гэснийг нь өмсч, хэл гэснийг нь хэлж байлаа. Намайг Иранд бугшсан бурангуй хоцрогдмол ёсны дагуу хэлгүй мэт байх ёстой дуулгавартай эмэгтэйчүүдийн нэг гэж үзэж байсан. Би Ираны бохир улс төр, эдийн засагт өөрийгөө захируулж, зохицуулахыг цаашид тэвчихгүй” гэжээ.

Кимиа Ализадех Зенурин түүнчлэн Ираны удирдлага түүнийг үг хэлээр доромжлон, эмэгтэй хүн хөлөө сунгаж алдарших нь зүйд нийцэхгүй гэдэг байсан тухай дурдсан аж. 2016 онд Рио Де Жанейрогийн Олимпийн наадмын таеквондогийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан тэрээр Нидерланд руу дүрвэжээ.

Б.Төгсөө