“Хоёр дахь гэр минь болсон төв талбайдаа хайртай”

2019-12-04

Б.САРУУЛ

“Халуун зайдсаа аваарай. Халуун зайдсаа аваарай” гэх дуу төв талбайгаар цуурайтна. Буурал богино халимгаа цэмцийтэл хойш налуулж самнасан нүдэнд дулаахан дугуй бор царайтай настай эмэгтэй. Нимгэн шаргал цэмбэн дээл өмсөж мөнгөн тоногтой суран бүс бүсэлж цав цагаан ултай саарал буузан спорт загварын гутал өмсөн гурван дугуйт жийн төв талбайгаар салхи татуулан явах нь содон харагдана. “Хөгжих-Залуу”. Түүний нэр Монголд цор ганц. 70 хүрч байгаа ч дугуйг залуусаас дутахгүй унана. ОХУ-д охиноо сургасан.Гэрийнх нь хивс хананаасаа халуун ус авдаг айлуудынхаас ч цэвэрхэн шинэхэн мэт. Хашаа хороонд нь ширхэг ч хог, лууль үгүй гээд ярих зүйл ихтэй. Түүнтэй ярилцсан юм.

-Ярилцлагыг маань уншиж байгаа мянга мянган монголчууддаа юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу.

-Би Өвөрхангай аймгийн  Нарийнтээл сумын харьяаны хүн. Өвөрхангай аймгийн Баянтээлийн уурхайд өссөн. Том болоод ажилчин болоод Өвөрхангай аймгийн Баянтээлийн эхэд ажил хийсэн. “13 настайгаасаа” эхэлж ажил хийгээд сүүлд нь Өвөрхангайдаа ирж аймгийн холбооны газар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Намайг Хөгжих-Залуу гэдэг.

-Ямар сонин нэр вэ. Бараг Монголд  ганц уу. Үгүй юу?

-За ёстой бараг ганц л байх даа.

-Ер нь энэ талбайг их энерги сайхантай газар гэж би боддог. Ингээд бодохоор та энэ талбайдаа их хайртай биз?

-Их гоё. Хайртай. Би нэг цаас, хог хэвтэж байсан ч аваад хогийн сав руу хийчихдэг. Нэг хүн тамхи татаад сууж байсан ч “Хөөе хүүхээ, чи тамхиа хол очиж тат. гээд хэлчихдэг. Би хэлэхгүй өнгөрч чаддаггүй. Гэр шиг минь болчих юм даа. Ингээд явсаар байтал.

-Хүн ер нь хөлөө л хөдөлгөөнтэй байлгах юм бол хөгшрөлт бага явагдаж эрүүл саруул байхын үндэс гэж ярьдаг. Дугуй унаад ажил хөдөлмөр эрхэлж байгаа таны хувьд өвдөгний нүдээр хатгана гэсэн ойлголт байхгүй биз?

-Байхгүй. Өвдөгний нүдээр хатгаж хөл өвдөнө гэсэн асуудал байхгүй.

-Таныг ингээд харсан хүмүүс таны хажууд ажил олдохгүй байна аа, хөдөлгөөний дутагдалд орж байна гэж хэлэхээс ч ичмээр санагдаж байна. Тэгэхээр та энэ “хөдөлгөөн, хөдөлмөр” хоёрыг юу гэж боддог вэ?

-Энэ сайхан алаг биеийг аав ээж төрүүлж өгсөн. Өсгөж бойжуулж өглөө. Хүн энэ биеийг яаж авч явах уу, төр засагтаа юу хийх үү, амьдралаа хойшид яаж авч явах уу гэдгийг хүн өөрөөсөө эхэлнэ гэж бодож явдаг юм би.

-Та хэдий үеэс талбай дээр зайдас зарж эхэлсэн юм бэ?

-Зайдас ороомог зараад эгч нь 10 гаруй жил болж байна. Яг энэ юм зарж эхэлсэн жилийн өвөл нь нэг сайхан хүүгээ алдчихсан юм. Тэгээд л нэг хэсэг их сэтгэлээр унаад хэцүү байсан л даа надад. Би одоо нэг хүүтэй. Нэг хүү маань бас бие нь өвдчихдөг юм байна. Хүүгээ сэтгэл санаагаар уначихна гээд л би хүүдээ нэг таван ханатай сайхан цоохор гэр барьж өглөө. Хүүгээ дэмжих гээд л тэр шүү дээ. Тэгээд гэр бараа барьчихаад байж байсан чинь мөнгө төгрөггүй болчхоод. За ингээд ямар ч мөнгөгүй болчихлоо. Тэтгэврийнхээ зээлийг авчихсан байлаа.

Одоо би яах вэ. Ах дүү нараасаа гуйх уу. Миний ах дүү нар надад өгнө л дөө. Гэхдээ би нэг гуйна. Тэгсэн давраад хоёр гуйна. Тэгээд би гуйж чадахгүй. Тийм болохоор би яаж амьдрах хэрэгтэй вэ. Би өөрөө хөдөлмөрлөх ёстой. Ингэж л бодсон. Тэгээд л мах аваад хоол хийнэ гэхээр надад мөнгө байхгүй. Тэгээд тэр үед арай хямд нь энэ зайдас байсан. Тэгээд би зайдас аваад хийгээд зарж эхэлсэн дээ. Эхлээд хэдийг хийгээд хүрээд ирсэн чинь дороо авчихсан. Тэгээд л маргаашаас нь ахиулсаар ахиулсаар байгаад тэгээд л явж байна даа.

-Хөгжих-Залуу эгч буюу Өөдөс эгчийн чин зорилго мөнгө олох уу гэвэл бас үгүй юмаа гэдгийг мэдэрч сууна?

-Энд ирэхээр миний дотор хуримтлагдсан гүн бодол байхгүй болчихдог. Энэ гоё цэцэг энэ гоё талбай. Энэ гоё хөшөө. Энэ юмнуудыг хараад явахад “За би юмаа зараад олз омог олохоосоо урьдаар миний сэтгэл санаа ямар гоё болдог гэж санана. Хамгийн гол нь би боддог байхгүй юу. Ганцхан минийх ч биш энэ талбай дээр ирсэн хүн болгоны сэтгэл санаа нь сайхан болоод гоё энерги аваад явдаг байх гэж би боддог”.

Гэхдээ би бас өөрийгөө боддог юм. Би жаахан буруу хэрэг хийгээд яваа байхаа гэж боддог юм. зарах ёсгүй газар нь бас юм зараад явдаг байх аа гэж заримдаа  боддог. тэрийг л их бодож явдаг. Одоо яах вэ. Хүний амьдрал юм чинь.

-Таны дугуй, дээл хувцас гээд бүх зүйл тань их содон юмаа?

-Дээр үед чинь монгол дээл өмссөн хүн чинь монгол гутал өмсдөг ёстой тийм ээ. Тэгсэн чинь одоо би ингээд пүүз өмсчихөөд өмд, монгол дээл өмсчихсөн. Дээр үед тэгээд өмсчихсөн хүнийг “Орос, Монгол дружба” гэж байсан юм гэнэ лээ. /инээв/

-Интернэтэд явж байсан таны зайдсаа зараад явж байсан зургийн доор хүмүүс санал сэтгэгдлээ бичсэн байсан л даа. Төмөр тоноглолын дээр байгаа хайрцагны талаар яриа өрнүүлчихсэн байсан. Зарим нь өөрөө ингээд гараараа бүрээд хийгээд оёод хийчихсэн юм биш үү гэхэд үгүй ээ, наадах чинь худалдааны бэлэн хайрцаг юм биш үү гэчихсэн байсан. Яг энэ хайрцгийг та өөрөө хийсэн юм уу. Худалдааны бэлэн хайрцаг юм уу?

-Үгүй ээ би энийг би өөрөө хийсэн юм. Оёог нь хараад мэддэг хүнд бол энэ хөл машины оёо биш. Гар машины оёо байгаа. Гар машинаар оёсон. Өнгө нь их даруухан яах вэ цэвэрхэн юм. Угааж арчиж байхад хамгийн гол нь тэгж л бодож хийсэн юм.

Манай хүү дугуйг маань тоноглож янзалж өгсөн. Ойр зуур юмнуудыг нь засаад энэ тавиур юм хумуудыг нь хийж өгөөд ингээд янзалж өгсөн юм.

-Зөгий яваад байх юм таны зайдасны хажуугаар… /сурв.инээв/

-Амттай байх гээд идэх гэж байна.

-Таны зайдсыг сонсоод л байсан болохоос яг амталж бол үзээгүй. Одоо л үзэх гэж байна.

-За ингээд ид дээ.

-За баярлалаа. Ямар гоё амттай юм бэ. Хүүхдүүд хөгшид ер нь их дуртай идэхээр юм байна шүү.

-Үгүй ээ яах вэ дуртай байдаг юм аа.

-Гоё амттай юм байна шүү. Одоо ийм зайдас хэд гэх үү?

-Хоёр мянга.

Төв талбай дээрх бидний яриа өндөрлөж Хөгжих-Залуу эгчийн гэрт очих хүсэлтээ тавьсан юм. Хөгжих-Залуу эгчийнх Зурагтын эцэст байдаг юм билээ. Цэлийсэн цэвэрхэн хашаа бүртийх ч тоосгүй хивсийг харж халуун шар тостой, арвайн гурилтай цай уунгаа ярилцлагаа цааш үргэлжлүүлсэн юм.

-За энэ манай том охин Мандахнар. Удаах охин Нармандах. Манай охины хүү Нямдаш. Манай хүү Мөнхжаргал. Энэ манай бага охин Нарандулам.

Халуун зайдас зардаг Хөгжих-Залуу эгчийн хамгийн том бахархлын нэг бол ОХУ-д охиноо сургасан явдал нь. Гэрт нь зочлох үедээ охин Нарандуламтай нь таван минут хөөрөлдсөн юм.

-Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. ОХУ-д ямар мэргэжлээр суралцаж төгссөн болон одоо хаана ямар ажил хөдөлмөр эрхлэж байгаа вэ?

-Намайг Х.Нарандулам гэдэг. Би ОХУ-ын Санкт-Петербург хотын Соёл урлагийн сургуулийг төгссөн. Тэр дундаа номын сангийн чиглэлээр мэргэшиж төгссөн. Хэдийгээр дөрвөн жил Засгийн газрын тэтгэлгээр сурсан ч гэсэн мэдээж ар гэрийн зардал гээд л зөндөө их зардал гарна шүү дээ. Урсгал зардал. Тэр болгоныг ээж маань маш сайн зохицуулж байсан. Намайг хүний нутагт юугаар ч дутаагаагүй. ОХУ-д очих өдрөөсөө эхлээд би ээжийгээ авчирна гэдэг зорилт тавьсан. Тэгээд энэ  мөрөөдлөө биелүүлсэн. Ээж маань маш их баярласан. “Ээжийнхээ хүсэл мөрөөдлийг нь биелүүлж үзээгүй газрыг нь минь үзүүллээ сайхан байна миний охин гэж хэлж байсан.” Ээжийнхээ баярлахыг харах ээжээсээ тийм үг сонсох миний хувьд маш том урам юм даа.Одоо би төгсөж ирээд хоёр жил болж байна. Монголын үндэсний номын санд гадаад судалгааны номын санчаар ажиллаж байгаа.

-Хөдөлмөр, хөдөлгөөнийг эрхэм болгосон Хөгжих залуу эгч гэртээ суух дургүй ээжээрээ юм зарууллаа гэж элдвээр хэлүүлмээргүй байна гэсэн хүүхдүүд нь ээждээ хөл хорио хүртэл тогтоож үзжээ. Төв талбай руу тэгтлээ их тэмүүлдгийн учрыг хүүхдүүдээс асуусан юм.

Том охин Х.Мандахнар: Та одоо өндөр насалчихаад нар салхинд гандаад царай зүс нь харлаад ингээд явах шаардлага байна уу. Таны насны хүмүүс гэртээ сайхан налайгаад зурагт телевизороо үзээд сууж байвал яадаг юм гээд “Та битгий яваарай” гэхгүй юу. Тэгсэн чинь орой ирсэн чинь хүзүү толгой хөшөөд хамаг бие өвдөөд гээд их царай муутай ая муутай байсан. Манай ээж чинь бас их чөлөөтэй хүн. Хараат бус. Баригдмал байж чаддаггүй. Бид нарыг ч бас яг тэгж өсгөсөн. Нэг удаа би хүүгээ салхилуулангаа талбай дээр очоод Япон, Монголын хамтарсан нэг өдөрлөг болж байсан. Тэгсэн чинь хүмүүс Японы Үндэсний хоол зуушин дээрээ оочирлоод л байж байсан чинь ээж зайдсаа түрээд дугуйтайгаа гараад ирсэн чинь “Өө эмээ ирж байна” гээд хүмүүс бүчээд л авсан. Тэгсэн чинь л надтай ч үг солих зав байхгүй нөгөө хүмүүстээ зайдсаа өгч байхыг нь хараад ямар хурдан зарагддаг юм бэ. Их олон худалдан авагчидтай юм байна. Ерөөсөө нээх зовдоггүй юм байна гэж бодож байсан. Тэгээд л талбайгаа тойроод явж байх нь өөрт нь жаргалтай байдаг юм шиг байгаа юм.

О.Хөгжих-Залуу: Хүүхдүүд маань та битгий юман доогуур орчихоорой. Ингээд дураараа загнаад явах гээд хөдлөх гээд байх юм гээд намайг тэгдэг юм. Гэр орондоо байж байхгүй. Заавал ч үгүй явж хөдлөх гээд байх юм гэдэг юм. Би чинь гэртээ зүгээр суугаад байж чадахгүй. Зүгээр суухаар гар хөл өвдөнө. Яадаг юм би явж байна гээд л зөрдөг юм.

Дунд охин Х.Нармандах: Ээжийг зайдсаа хийдэг байхад манай гэрийн жаахнууд “хоот доог” гэж хэлж чадахгүй “хомбоороо” гэдэг байсан. Эхлээд жижгүүд нь тэгж хэлдэг байсан бол одоо томчууд нь хүртэл “хомбоороо” гэдэг болсон. Хомбоороогоо идэх их дуртай.

Хэдий бидний амьдралд таагүй, хар бараан зүйл олон ч гагцхүү эерэг хандлагатай байж чадвал энэ амьдралд, их хотод “хайр” дүүрэн байгаагийн хамгийн тод жишээг бид Хөгжих-Залуу эгчийн амьдралаас харлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин