Толинд унших ТОНГОРУУ  БИЧВЭРИЙН ӨВ

2019-11-12

Оюун ухаант хомо сапиенс нь: нэгдүгээрт “биологийн амьтан”. Хоёрдугаарт, зөвхөн нийгмийн хэлбэрээр хөгждөг “социал амьтан”. Гуравдугаарт дээрх хоёр тулгуур чанарын нэгдлийг илэрхийлсэн сэтгэхүйтэй сэтгэлт амьтан буюу “психологит амьтан”. Энэ бол Хүн судлалын шинжлэх ухааны тодорхойлолт.

Атга будаа цацахад нэг нь зүүний үзүүрт тогтдогтой жишихүйц магадлалаар хүн болж  хорвоод ирээд, улмаар “психологит амьтан” болж төгөлдөржсөн хэн боловч үйлс бүтээлээрээ дэлхийн, олон улсын, тивийн, улсын хэмжээний, цаашаа багасч аймаг орон нуттийн, сум багийн, бүр төрөл төрөгсөд, гэр бүлийн хэмжээний гэж тодорхойлж болох зиндаа түвшинд үнэлэгддэг. Энэ бол лидерийн талаарх дэлхийн стандарт үнэлэмж. Мона Лиза” шедевр зураг нь нэрийн хуудас болсон Леонардо да Винчийг дээр дурдсан дэлхийн хэмжээний хомо сапиенсын жагсаалтын “1”-д эрэмбэлэхийг хүлээн зөвшөөрөгсөд хэдэн зуун саяар бий. Тэр ч бүү хэл 0”-д бичих бичих ёстой хэмээн гайхашруулагсад бас хэдэн арван саяараа байна. Түүнийг манай гарагийн иргэншлээс гаргаж, бидэээс ангид оюун ухаант харь гаригийн хүн, Бурханы элч гэж үздэг хүмүүсийн илэрхийлэл нь энэ билээ.

Цаг үеэсээ хэдэн зуун жилээр түрүүлж төрсөн гэгддэг энэ суут ухаантан дэлхийн шинжлэх ухаан, танин мэдэхүй, урлаг соёлын маш олон салбарт салбарт түүчээ болж иржээ. Тэрбээр хими, анагаах ухаан, амьтан судлал, инженерийн байгууламж, цэргийн технологи, хөлөг онгоцны үйлдвэрлэл, робот, геологи, геодез зураг зүй, механик, оптик болон бусад салбарт шинэ нээлт хийж, хожим биелэх шинэ санаа, шинэ таамаглал дэвшүүлсэн. Леонардо да Винчи өөрийн зохиосон  “Зураач хүн хүртэн хүлээж авах хүч чадал, ажиглалтаа буулгах боломж чадварынхаа ачаар байгалийн нууцыг нээн тайлбарлах хэнээс ч илүү чадвартай байдагаксиомоо тулгуур тэнхлэг болгон юм юм руу “үсчиж” байлаа.

…Нисдэг машины эх загвар зохион бүтээж, хэдийгээр төдийлэн амжилт олоогүй ч 1496 оны нэгдүгээр сарын 3-нд тэрбээр өөрөө анхны туршилтын нислэг хийсэн. Энэ нь Жон Стрингфеллю 1848 онд анх хөдөлгүүртэй онгоцоор Сомерсетийн Чард дах нэхмэлийн үйлдвэрийн газарт ниссэнээс 352 жилийн өмнөх үйл явдал. Бурхан болоочийн шарилд задлан хийж эхийн хэвлий дэх ургийн анатоми зураг дүрсэлж, титэм судасны өвчлөлийн талаар анагаахын шинжлэх ухааны тайлбар гаргаж байв. Бид мэтийн нөхөд төдийгүй, бусад улс орны олон хүн Леонардо да Винчийн хүн төрөлхтний соёл иргэншлийн маш олон салбарт оюуны хөрөнгө оруулалт хийсэн болохыг нь заримдаа умартан ердөө л Италийн Сэргэн мандалтын үеийн зураачдын нэг гэж ойлгох нь харамсалтай. Энэ харамсал нь суут эрдэмтэнд бус бидэнд ногдох учиртай байх аа. Леонардо да Винчийн бидний үе хүртэл хадгалагдан үлдсэн олон тооны гар бичмэл нь зөвхөн толинд тусгаж  байж уншихаар тонгоруу байдлаар бичигдсэн нь гайхашрал төрүүлдэг. Магадгүй, суут эрдэмтэн өөрийгөө Бурханы элч гэдгээ илэрхийлэх гэсэн юм болов уу.

Энд баруун, зүүн гараар зурдаг, бас солгой гараараа баруунаас зүүн тийш үсэг тонгоруулж, зөв гараараа зүүнээс баруун тийш бусдын адил бичдэг дэлхийн хэмжээний суутны тухай ярилаа. Харин түүнтэй нэгэн адил хоёр гараараа зурдаг, бичдэг улсын хэмжээний нэртэй зураач бол Завхан аймгийн харьяат, Монголын Урчуудын эвлэлийн шагналт Гүндийн Дондовдорж агсан юм. Тэрбээр, таталбар болон хүмүүсийн нөхөрсөг хөрөг зургийг харандаа, үзгээр солгой гараараа зурдаг, тосон болон усан будгийн том уран бүтээлээ баруун гараараа туурвидаг. Хурал зөвлөгөөнд суухдаа хүмүүсийн яриаг солгой гараараа тонгоруулж тэмдэглэдэг, харин хувьдаа хамаарах зүйл, ажлын өдрийн төлөвлөгөө гэх зэргийг баруун гараараа ердийн байдлаар бичдэг байсан. Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж өнгөрсөн онд 30 жилийн ойн баяраа тохиолдуулан Дүрслэх урлагийн танхимаа уран зургийн нэртэй мастер Гүндийн Дондовдоржийн нэрэмжит болгон батламжилсан юм. Учир нь тэрбээр тус коллежид 1990 онд анхлан дүрслэх урлагийн анги нээхэд урилгаар ирж 20-иод багшлахдаа олон арван зураач, урчуудыг бэлтгэсэн шилдэг сурган хүмүүжүүлэгч байлаа.

 

Эх сурвалж: Aguulga.mn Е.МЯГМАРСҮРЭН