Нэгийгээ барьж идээд цадаж байна уу, монголчууд аа!!!

2019-11-08

Монгол хүний мөс чанар, жудаг ухаан алдагдлаа гээд их л ярьдаг. Үнэн ажээ.

Мэдээж хэрэг, яг өдийд энэ асуудлаар хөндөж бичих нь улс төрийн троллууд, “хүний мах”-нд дурлагсдад таалагдахгүй. Барьж идэх биз.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д таагүй асуудалд орооцолдоод байна. Монгол, Солонгосын бүх хэвлэл, тролл арми нийлж байгаад Д.Одбаярыг барьж идэж байна.

Гэтэл Д.Одбаярын солонгос бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байна.

Д.Одбаярын тухайд ингэтлээ дуулиан шуугиан болж байгаа нь түүний хашиж байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга гэсэн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл, Д.Одбаярт дургүй, Үндсэн хуулийн Цэцийн даргын суудалд дуртай бүлэглэл энд ажиллаж байгааг бид анзаарч л байгаа. Гэлээ гээд энэ асуудал Монголд  бус харьд болчихоод байна шүү дээ. Сэр, бод.

Жирийн иргэн Д.Одбаяр ийм асуудалд нэр холбогдсон бол яах байсан бол?

Ингэж нэг бодоод үзээрэй.

Тэгэхээр Солонгосын хууль хяналтын байгууллага бодит байдал, болсон явдлын үнэнийг тогтоог, шийдэг. Тэр болтол мэрэлтээ, дайралтаа түр зогсооё л доо.

Яг үнэнийг хэлэхэд Д.Одбаяр гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга хилийн чанадад буруутан болох нь нь хэнд хэрэгтэй юм бэ. Монголчуудад лав хэрэггүй. Монгол Улсын иргэний хувьд тийм зүйл болоогүй байгаасай гэж л хүснэ.

Хамгийн гол нь Д.Одбаяр бэлгийн дарамт үзүүлээгүй байна гэж БНСУ-ын хулуь хяналтын байгууллаг тогтоовол яах вэ. Ийм магадлал өндөр.

2016 оны арванхоёрдугаар сард монгол залуу Г-г бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар Ганнам дүүргийн Цагдаагийн газарт шалгаж  нэлээд юм болж байлаа. Эцэст нь камерын бичлэг бусад  нотлох баримтаар Г нь солонгос бүсгүйн биед хүрээгүй, гараа савчуулж явдаг болох нь тогтоогдсон байгаа юм. Гүтгэлэг байсан.

Ер нь бэлгийн дарамт гэдэг гэмт асуудал Монголд ч, Солонгост ч газар авчихсан. Солонгосчууд ч Монголд ийм хэрэг өдүүлдэг.

БНСУ бол угаасаа бэлгийн дарамтаа дэлхийд зарладаг. 2018 оны нэгдүгээр сард БНСУ-ын эмэгтэй прокурор Со Жи Ён Хууль зүйн яамны нэгэн ажилтан түүнийг хүчирхийлж байсан тухайгаа олон нийтэд дэлгэсэн. Тэгж БНСУ-д #Metoo хөдөлгөөн тус улсад эхэлсэн байна. Энэ оны эхээр тус улсын тамирчин бүсгүйчүүд #MeToo хөдөлгөөнд нэгдсэн. Өвлийн олимпийн тэшүүрийн төрөлд дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгосын баг тамирчид, энэ спортын төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд олон жилийн турш бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн дарамттай нүүр тулж байснаа илчилсэн.

Олимпийн хошой аварга, тэшүүрийн нэрт тамирчин Шим Сук Хи “Би бага наснаасаа тамирчин болохоор шаргуу хөдөлмөрлөж, олон саад бэрхшээлийг үл тоон зөвхөн урагшилж байсан. Хүнд хэцүү дасгал сургуулилт намайг олон удаа уйлуулж байсан ч би гэр бүлийнхээ төлөө хатуужсаар ирсэн. Гэхдээ хамгийн хэцүү нь хүнд дасгал сургуулилт биш. Эмэгтэй хүний хувьд хамгийн нандин, ариун зүйлээ хамгаалахад хүндрэл тулгарах үе байв. Би нэг бус удаа бэлгийн дарамттай нүүр тулж, бие махбодийн хүчирхийллээс зайлсхийх боломжгүй үетэй олон ч удаа тулгарсан. Энэ бүхнийг ярих надад амаргүй байна. Гэхдээ би залуу үеийнхээ төлөө энэ бүхнийг нийтэд илчлэв” гэж ярьжээ.

Нэрээ нууцалсан А гэх тамирчин “Би 18 настай. 15 настай байхад минь намайг шинэ дасгалжуулагч дасгалжуулах болсон. Анхандаа дасгалжуулагч миний уруулын хавьцаа үнсэх, дасгал сургуулилтын үеэр хөх, өгзгөнд минь хүрэх, шалтгаангүйгээр олон удаа тэвэрдэг байсан. Удалгүй надад сэтгэлээ илчилж, хоёр жилийн турш намайг зовоосон. Түүний үйлдэл миний уурыг хүргэдэг байсан ч би карьераа үргэлжүүлэхийн тулд би энэ талаар ээждээ ч яриагүй, сэтгэлдээ булшилсан. Яагаад тухайн үед дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцээгүй юм бол” гэсэн.

Дээрх асуудлаас болж Ерөнхийлөгч Мун Жэ Ин тэшүүрийн салбарын төлөөлөгчдийг өрөөндөө хүлээн авч уулзаж загнаж байв шүү.

Гэхдээ мэдэгдсэн болгон нь бэлгийн дарамт байгаагүй байдаг. Сун гэх 21 настай бүсгүй тэр үед“Би 2014 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Дасгалжуулагч өрөөндөө дуудаад намайг цээжээ ил гаргахыг шаардаж, эсэргүүцэл үзүүлвэл спортын карьерийг минь төгсгөх болно гэж сүрдүүлсэн” гэж мэдэгдсэн. Тэрээр Пёнчаны өвлийн олимпийн үеэр мэдүүлгээсээ буцсан байдаг.

Өнгөрөгч оны хоёрдугаар сард “А” бүсгүйн зүгээс  кино найруулагч И Хюн Жу гэгч эмэгтэй найруулагч өөрийг нь согтоосныхоо дараа буудалд аваачин, хүчирхийлснийг ил болгосноор И Хюн Жу нь тус хэрэг явдлын дараа буруугаа хүлээж, кино урлагийн салбарыг бүрмөсөн орхисон билээ.

Алдарт жүжигчин Жо Мин Киг Чонжу их сургуульд багшилж байхдаа эмэгтэй оюутнуудыг хүчиндсэн хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард ил болсон. Түүнд хүчиндүүлсэн гэх 11 хүн гомдол мэдүүлсний дараахан Жо Мин Ки нь гэрээслэлээ бичиж үлдээгээд,  гэртээ хоолойгоо боомилсон байдалтай олдсон.

Театрын найруулагч И Юн Тек гэгч бас хэд хэдэн эмэгтэй жүжигчдийг хүчирхийлсэн нь нотлогдсоноор зургаан жилийн хорих ял авсан.

Рэппер Дон Малик буюу Мүүн Ин Суб нь насанд хүрээгүй шүтэн бишрэгчээ хүчирхийлсэн нь олон нийтэд ил болсон. Үүнээс хэдхэн цагийн дараа түүний харьяалагддаг “Daze Alive Music” агентлаг тус хэргийг үнэн болохыг баталж, Дон Маликыг компаниасаа хөөсөн байна.

Тэгвэл БНСУ-ын иргэд Монголд ийм хэрэгт бас орооцолдож байлаа. Энэ оны эхээр БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Солонгос дипломат ажилтан доороо ажилладаг Монгол эмэгтэйн биед халдаж, хүчирхийлсэн гэх агуулгатай видео бичлэг цацагдсан. Үйл явдал нь 2018 оны наймдугаар сард болсон.  Иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хаягаар нэр, нүүрийг нь нууж дэлгэснээр олны анхаарлыг татсан.

Энэ талаар БНСУ-ын “JTBC” телевиз мэдээлж байв. Уг мэдээнд “БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан хэсэг хүмүүстэй оройн хоол идсэнийхээ дараа монгол эмэгтэйг зодож, хүчирхийлэхийг завдсан. Эмэгтэйг коридорт чирж байхыг харсан хамгаалагч гар утсаараа бичлэг хийж өрөөнд нь орсноор энэ хэрэг олон нийтэд ил болжээ. Үүнийг тус дипломат ажилтан өөрийн улсын Гадаад харилцааны яаманд тайлбарлахдаа “Байгууллагын өдөрлөг болж байсан бөгөөд унтаж байхад хооронд ажилчид маргаан үүсгэсэн, энэ үед байрны хамгаалагч гаднаас орж ирэн бичлэг хийж эхэлсэн тул хувцасгүй байсан эмэгтэйн биеийг нь халхалж өгсөн” гэжээ. Одоогоор хэргийн үйл явцыг шалгаж байгаа бөгөөд хэрэг шийдэгдээгүй байна. Энэ асуудалд холбогдсон этгээдийг БНСУ-ын талаас шалгахад ЭСЯ-ны харьяа бус өөр байгууллагаас томилолтоор очсон нэгэн болохыг тогтоосон” гэж мэдээлсэн.  Дараахан нь БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас 2019 оны нэгдүгээр сарын 25-нд мэдэгдэл гаргаж, албан ёсны вэб сайтдаа нийтэлжээ.

Мэдэгдэлд :

1.Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.

  1. Үүнтэй холбоотойгоор тус Элчин сайдын яамтай холбоотой зөвшөөрөлгүй бичлэгийг хийж, нийгмийн сүлжээнд тараасан зэрэгт хуулийн хариуцлага тооцохоор шалгаж байгаа тул гарсан үр дүнгээс хамааран холбогдох арга хэмжээг авах болно гэсэн байв.

Ингээд л солонгос иргэн монгол бүсгүйд Монгол Улсад нь бэлгийн дарамт үзүүлсэн байх магадлалтай асуудал нам дарагдсан шүү дээ.

 

Эх сурвалж: news1.mn