“Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг арай ч яллахгүй байх гэж бодож байсан”

2019-11-08

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Уг шүүхийн шийдвэр гарсны дараахан нь та намынхаасаа ганцаараа дуугарсан. Өнөөдрийг хүртэл намын нөхдөөс нь хэн ч ганц үг ган хийсэнгүй. Таны хувьд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ял авсныг нь гайхаж байна. “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрэгжсэн юм байхгүй. Нэг хүн төлөвлөгөө оруулж ирсэнтэй нь манай дарга, цэргүүд танилцсан, танилцаагүй гэдэг ийм л асуудал яригддаг. Өнөөдөр бодит байдал дээр “60 тэрбум”-ын гэх хэргийн дагуу мөнгө өгөөд ажил, албан тушаалд очсон хүн байна уу гэхээр алга. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хүртэл хуулийг ингэж хэрэглэдэг болчихсон юм уу гэж Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт дөрвөн жилийн ял өгсөн хуулийн заалтыг нь гайхаж жиргэсэн байна лээ. Би хуульч хүн биш. Гэхдээ өмгөөлөгчийнх нь өгсөн ярилцлагаас харахад тэднийг яллах гэж ялласан байна лээ. Би тухайн үед арай ч ял оногдуулахгүй байх гэж бодож байтал ялласанд үнэхээр харамссан. Бид цагтаа нэгэн тугийн дор жагсаад ялалт байгуулах ёстой гээд бүгдээрээ л  явж байсан. Тэгээд ч тэр хүмүүс нь холбогдох хариуцлагуудаа хүлээчихсэн. Нийслэлийн дарга, намын хорооны даргаа өгчихсөн, намаасаа хөөгдчихсөн байтал дахиад ял өгч амьдралаар нь тоглож байна. Хууль, шүүхийнхэн тэр өмгөөлөгчийнх нь хэлж байгаачлан ялласан заалтаа эргэж харах байх гэж бодож байгаа.

– “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш гэж танай намын цөөнгүй гишүүд хэлдэг. Харин таны эсрэг байр суурьт шалтгаан байна уу?

-Шалтгаан юу байхав дээ. Би “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар өнөөг хүртэл байр сууриа илэрхийлж ирсэн. 60 тэрбумын хэрүүл гарч ирэхэд манай намын дарга нар “Энэ хэрэг үнэхээр болсон юм байна” гэж мэдэгдэл хийцгээгээд байхад нь хүртэл би хэлж байсан. Сонсохоороо хэрэг болдог юм уу гээд. Сонгуулийн өмнө болохоор ямар ч хамаагүй үнээр та нар заавал ялалт авчир гэж үүрэгддэг. Энэ мэдээж нам бүрийн л зорилго. Ялангуяа намын даргаар ажиллаж байсан хүмүүсийг харахад намын санхүүг босгоно гэдэг үнэхээр хүнд асуудал байдаг юм байна лээ. Намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх гэж зовдог юм шиг. Яавал мөнгө босгож болох уу, яах вэ гээд намынхаа хүн хүний санааг сонсдог. Санхүү босгох санаа оноо олох л гэж тэр Г.Доржзодовын хийсэн схемийг сонссон байх гэж би хувьдаа хардаг.

 

“НАМЫН ГЕНСЕК  БИЧЛЭГИЙГ СОНССОН ГЭЖ ХЭЛСЭН. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БИД ХОЁР НӨХРӨӨ ШОРОНД ХИЙЧХЭЭД СУУЖ БАЙНА”

-Та Ц.Сандуйг ял авсны дараа энэ талаар намын удирдлагуудтайгаа уулзсан уу?

-Энэ асуудлаар хоёр ч удаа жиргэсэн. Манай намын удирдлагууд 60 тэрбум үнэн гэж орилсоор байгаад хоёр нөхрөө шоронд хийлээдээ. Албан тушаал эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон нөхдөөсөө ичиж байна гэж. Дараа нь Д.Амарбаясгалан даргад хандаж, чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж чиний хэлсэн үнэн болж ял авлаа. Бодвол чи хундага тулгаж байгаа байлгүй гэж жиргэснийг манай намынхан бүгд харсан л байлгүй. Харин залуус нь нэгийг бодсон байх.

-Тэгээд л та намынхаа генсек рүү хатуу үг “чулууджээ”?

-Манай намын генсек Д.Амарбаясгалан АТГ-ын гадна “60 тэрбумын хэрэг болсон юм байна, үнэн” гэж хамгийн эхэнд зарласан хүн. Намын генсек хүн ингэж болох уу. Гэтэл Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Намын генсек тэр бичлэгийг сонссон гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бид хоёр нөхрөө шоронд хийчхээд сууж байна. Харамсаж байна. Ингэж хэллээ гээд намайг 60 тэрбумын улаан хамгаалагч, 60 тэрбумын нэг гишүүн нь гэж дайрч давшлах л байх. Би бусдын хэл амнаас айхгүй. Би аливаад нуруутай, жудагтай байх зарчмаар л асуудалд ханддаг. Түүнээс биш урваж, шарвадаг эсвэл дарга харахаараа далдганаж гүйж албан тушаал горьдож явдаг хүн би биш.

Та Ц.Сандуйг сайн мэдэх үү?

-Намын журмын нөхрийн хувиар мэдэлгүй яахав. Гэхдээ маш дотно явсан гэж хэлэхгүй. Нийслэлийн намын хорооны дарга болсноос нь хойш уулзалддаг, ажил хэргийн холбоотой байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Сандуй “Ажлаа өгье” гээд М.Энхболд дарга бид хоёр дээр орж ирэхэд нь “Зөв өө зөв. Залуу хүн байна, ажил төрлөө өгөөд сургууль соёлын юм бодохгүй юу, тэгж байтал нам боловсон хүчиндээ анхаарах байлгүй” гэж л би зөвлөж байсан.

-Тантай уулзсаных нэг зүйл асуухгүй өнгөрч чадахгүй нь. “М, Х нарын УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагад баригдсан” тухай мэдээлэл гарсан. “Х”-нь таныг гэсэн таамаг ч бий. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг шиг  нэр холбогдчих уу эсвэл таныг гэж хардах үндэслэл байв уу?

-Мэдэхгүй. Х, М гэсэн хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдлаа гэсэн мэдээллийг харсан. Гэтэл Х нь би болоод явчхаж байна лээ. Намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбочих гэсэн л оролдлого гэж харж байгаа. Хуулийн байгууллагынхан тийм юм болоогүй гэж ил зарласан шүү дээ.

-Ер нь та тоглодог уу?

-Хөзөр үү?

-Тоглоомын төрлийн?

-Хөзөр, даалуу гээд Монгол хүний тоглодог тоглоомуудыг амралт, чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө тоглоно оо.

-Мөрийтэй тоглоом тоглож үзээгүй гэж ойлгох уу?

-Казино сонирхож ганц, хоёр удаа орж үзсэн.  Түүнээс биш тоглоод энэ тэр болж байгаагүй. Найз нөхдүүдтэйгээ хөзөр, шатар тоглож тархи толгойгоо амраахыг мөрийтэй тоглоом гэхгүй бол өөрөөр тоглож байсангүй ээ. Аав маань надад эр хүн  мөрийтэй тоглоомоос хол яваарай гэж захисныг нь би байнга санаж явдаг.

-Жил бүр төсвийг хуулийн хугацаанд нь амжуулах гэж хэлэлцүүлгүүдийг яаруу хийдэг. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвөө баталж таарна. Харин үр дүнд ямар чанар гарав гэдэг л чухал. Та ирэх оны төсвийг хэр өөдрөг харж байгаа вэ?

-Өөдрөг төсөв болсон гэж гишүүд бүр л ярьж байгаа. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа шүүмжлэл байнга дагуулдаг. Ирэх оны төсөвт орлогоо хэт өөдрөг төсөөлсөн тал бий. Алдагдлаа бууруулж, хөрөнгө оруулалтын бодлогуудаа эргэж харах шаардлагатай гэж би саналаа хэлж байгаа. 2021 оноос эхлэн гаднын том өр, зээлүүдийг төлж эхэлнэ. Үүнд бэлтгэж наана нь дэмий зүйлд хөрөнгө зарцуулж байхаар ганц хоёр сая ам.доллар ч байсан хямгадаж байвал хэрэг болохсон. Ирэх онд дэлхийн зах зээлд манай гол түүхий эд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ямар байх, бидний урагш гаргадаг боомтын чадамжийн хэмжээ ямар байх зэргээ сайтар тооцоолж үзэх ёстой. Хоёрдугаарт, шинээр эхлэх конторын барилгуудад хөрөнгө оруулалтын зардал гаргахаа тэвчих хэрэгтэй гэж санал хэлсэн байгаа. Замбараагүй олон конторын барилгуудад төсөв тавигдсан байна лээ. Ер нь Аудитын байгууллагын гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа. 360 тэрбум гаруй төгрөгийн шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна гэж тооцоолсон байсан. Тэгэхээр төсвийг зарлагыг эргэж харах шаардлага зайлшгүй бий.

Ирэх оны төсөвт царцсан, он дамнасан объектуудын хөрөнгө санхүүг шийдэж өгсөн нь сайшаалтай ч зарим засварын өртөг хэт өндөр байх шиг?

-Сангийн яамнаас оруулж ирсэн нэг сайн зүйл нь эхлүүлсэн барилгуудыг бүгдийг нь дуусгах бодлого барьж байгаа нь сайшаалтай. Эсрэгээрээ шинээр барихад хөрөнгө тавьсныг би эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл энэ нь эргээд 2021, 2022 оныхоо төсвийг хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл 5 тэрбум төгрөгийн өртөгтэй конторын барилгад 100 сая төгрөг суулгалаа гэхэд тэр нь дараа дараагийн жилүүддээ хөрөнгө шаардагдана. Сумын төвийн ЗДТГ-уудын байр, багийн төвийн байр, Соёлын төв гээд яривал арай ч дээ гэмээр зарлагууд төсөвт тусгагдсан.

-Үндсэн хуулийн Цэц Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасалдахад хүрэх нөхцөл үүслээ гэдгийг Сангийн сайд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-АМНАТ-аас болж 1.3 орчим их наяд төгрөгийн орлого төсөвт тасарна гэж Сангийн сайдын хэлсэн тоо худлаа биш байх. Яагаад гэвэл бүхэл бүтэн Монгол Улсын санхүүг барьж байгаа яам зөв тооцож олон нийтэд зарласан байх гэж найдаж байна. Энэ тохиолдолд АМНАТ-ын асуудлыг эргэж харахаас өөр гарц байхгүй. АМНАТ-д Засгийн газрын оруулж ирж байгаа байр суурийг нь харна.

-Монголбанк, СЗХ-ны удирдлагыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ. Энэ нь  “бай”- гаа оносон хариуцлагын эзэд мөн үү?

-Хүн солих хүсэл юм уу даа. Хариуцлага тооцох асуудал яригдах нь зөв. Гэхдээ “бай”-гаа онов уу гэвэл эргэлзээтэй. FATF-аас өгсөн зөвлөмжид банкны систем буюу Монголбанктай холбоотой шаардлага байгаагүй. Харин терроризмыг санхүүжүүлэхтэй, Хойд Солонгостой холбоотой асуудал мөн мөнгө угаасан нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй тухай болон энэ олон Банк бус санхүүгийн байгууллагуудын хяналтыг сайжруулахтай холбоотой зөвлөмжүүд байсан. Гэтэл шууд л Монголбанк,  Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг чөлөөлөх асуудал сөхөгдсөн нь буруу. Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Би ярих юмныхаа 10 хувийг л ярилаа, хаалттай яръя” гэж хэлж байна лээ. Ядахдаа УИХ хаалттайгаар хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч яаж ажилласан, ямар алдаа гаргасан зэрэг энэ бүхнийг шүүн тунгааж ярилцсаны дараа саарал жагсаалтаас гарахын тулд ийм, ийм ажлууд хийх шаардлагатай юм байна, цаашид бид банк санхүүгийн системийнхээ ажлыг яаж сайжруулах гэдэгт шийдэл олж сургамж авч үлдэх ёстой. Түүнээс биш хүн чөлөөлөх шиг амархан зүйл алга. Үзэгний үзүүрийн ажил. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Засгийн газар энэ чиглэлд юу хийсэн гэдгийг ч ярих хэрэгтэй.

Өнгөрсөн жил чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлах үеэр УИХ-аас баталж өгсөн тогтоолын нэгдүгээр заалтыг би уншиж өгч байсан. Тэр тогтоолд чиглэл тус бүрт үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ тогтоолын хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо юу юу хийв гэдгийг шүүлгүйгээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг чөлөөлчихвөл саарал жагсаалтаас гарах юм шиг асуудалд хуумгай хандаж байна.

Хариуцлагын асуудал ярьж байгаа бол Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд нарт ч хариуцлага тооцож байж шударга ёсонд нийцнэ гэдгийг олон нийт хэлж байгаа?

-Тийм ээ. Хариуцлагын асуудал хөндсөн бол Засгийн газарт ч хариуцлага ярих хэрэгтэй. Ядаж хаанаа, хэн алдав гэдгийг олж тогтоол шийдвэртээ зааж өгөх ёстой.

 

Эх сурвалж: Erennews.mn