Одоо болно Монголчуудаа…

2019-11-08
-Бид  уудам эх орон шигээ уужуу тайван Монгол хүмүүс-

 

Бидний хэдэн өдөр балбасан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэг талаараар өрөвдөв. Учир юун гэвэл тэрбээр зоригтойгоор  буцаад Сонгос руу очсон. Эр хүн ийм л байх хэрэгтэй. Харин бид эх орондоо түүнийг ийн баруун солгойгүй балбаж байхыг хараад, сонсоод Солонгосчууд ч түүнд хатуурхаж эхлэв бололтой.

Тус улсад  гэмт хэрэгт сэжигтнээр татахдаа шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд баривчлах шийдвэр гаргадаг байна. Гэтэл түүнийг баривчилсан, сулласан гэх мэдээллийг тухайн улсын хэвлэлүүд тарааж байна. Үүнийг нь Монголчууд бид дагаж  сэвээд “Хуультай улс иргэнээ хамгаалж байна” гэх мэтээр ярьж байна. Манай улс ч хуультай. Бид харийн нутагт, шоронд ял эдэлж байгаа иргэдээ ялтан солилцоогоор авчирдаг. Энэ бол хуультайн, бусад улс оронтой харилцаж чаддагийн нэг илрэл.

Тэгвэл хүний эрхийг дээдэлдэг гээд байгаа  Солонгосчууд яагаад Д.Одбаярын эрхийг зөрчиж байна вэ. Уг нь тус улсын хуульд сэжигтний гэм буруутай эсэх нь нотлогдоогүй байхад нэр, нүүрийг нуух заалттай байдаг гэж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн даргатай харьцаж буй энэ үйлдэл нь хүний эрхийн хуулийг зөрчсөн үйлдэл  мөн бөгөөд түүнийг бөмбөрцгөөр зарлан “доромжлов”.

Тус улсын  цагдаагийн байгууллагын гаргаж  байгаа эл үйлдлийг хөндлөнгийн нөлөө байх магадлалтай гэж харах нэг хэсэг  ч байна. Тодруулбал, манай улсад “КАЛ” буюу “Korean Air” нь монополи эрхээ  хамгийн ашигтай  маршрут болох  УБ-Инчоны чиглэлээ өрсөлдөгч “Ашиана эйрлайнс”-т алдаад байгаа. Тэгвэл  “КАЛ” нь БНСУ-ын Төрийн байгууллагад ч нөлөөлөх чадвартай том корпорац гэх мэтээр ярьж манай улсын иргэнд ийн хатуурхаж байгаа нь  ашиг сонирхлын зөрчил байгааг үгүйсгэхгүй гэх зэргээр ярьж эхэллээ. Мөн “КАЛ”-ын удирдлагууд хамт нисэж байсан тухай мэдээлэл ер гарахгүй байгаа нь нь хачирхал төрүүлж буй юм.

Бид бодох ёстой. Энэ хүний ард үр хүүхэд, эхнэр, ээж,аав, элгэн садан нь бий. Тэдэнд ямар байгааг ойлгох, ойлгохыг хичээх хэрэгтэй. Гаргасан үйлдлийг нь нягталж нотлогдтол бид тэсвэртэй хүлээцтэй  байх нь хүний ёсонд нийцэх биз.

Цөөхөн монголчууд бид бие биенээ түших тулах, өмөөрөх хэрэгтэй… Бид  эх орон шигээ уудам, уужуу тайван Монгол хүмүүс.

Эх сурвалж: erennews.mn