Айлд мэдрэгч тавьж байхаар автобусанд  утаа шүүгч суурилуулъя

2019-11-07

Айл  өрхийн яндангаас гардаг утаа арай багасгах шиг боллоо. Энэ нь  нөгөө “Сайжруулсан түлш”-ний ач тус гэдгийг нийслэлийн иргэд мэдрэв.

Тэгвэл одоо  нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй автобуснуудад арга хэмжээ авах цаг нь болж.

Парк шинэчлэлээр 1200 эко автобус оруулж ирнэ гэж байгаа. Тэгвэл тэдгээр эко гэх  автобуснуудыг яг өдийд буюу утааны үед  явуулж ид шидийг нь үзэх хэрэгтэй баймаар.

Эсвэл  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа  компаниудад утаа шүүгч тавьж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн гуравдугаар сард “MoCobee CT3” загварын төхөөрөмж суурилуулж, туршсан нь үр дүнгээ өгсөн хэмээн “ЖАЙКА” олон улсын байгууллагаас мэдэгдэж байсан. Утаа тортгийг 100 хувь шүүх чадалтай төхөөрөмжийг “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Сутайн буянт” компанийн 24 автобусанд суурилуулсан нь үр  дүнтэй боллоо гэж ирээд л ярьж байв.

Уг нь тийм төхөөрөмж хэрэгтэй байгаа юм. Автобусны “хаясан” утааг агаарт дэгдэхээс нь өмнө сорж, хортой элементүүдийг шүүдэг гэж байгаа. Тэгэхлээр нөгөө 220 мянган өрхөд суурилуулах 6.6 тэрбумаар  угаарын хий мэдрэгч авч байхаар нийслэд явж буй 1000 гаран автобусанд утаа шүүгч тавьчихвал тустай. Сайжруулсан шахмал түлшийг иргэд түлээд сурчихлаа. Нөгөөтэйгүүр  автобуснаас гарч байгаа утаа арай дэндүү байгаа учраас ийм шийдлийг хийж болно. Ингэж гэмээнэ бид бас хэмнэлт хийнэ гэсэн үг.

Шүүлтүүргүй нэг автобус өдөрт 175 гр нарийн ширхэглэгт тоосонцор “хаядаг” гэх тооцоог япончууд 2019 оны 3 дугаар сард гаргаж байсан. Сайжруулсан түлшний асуудал ид гарч байх үед манай эрдэмтэн судлаачид ч  нарийн ширхэглэгт тоосонцорын  хэмжээ  ихэссэн тухай хэлсэн, ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл авч байгаа арга хэмжээ ажиглагдахгүй байгаа нь нийслэлийн иргэдийг автобусны утаагаар “намнах” гэж байгаа  үйлдэл мэт ойлгогдож байна.

Өдөрт 1 автобус 175 гр нарийн ширхэглэгт тоосонцор ялгаруулдаг гэхээр 1000 автобус жилдээ 60 орчим тонн хорт утаа ялгаруулдаг гэх тооцоо гарч буй юм.

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр утаанд  бүгдээрээ их бага хэмжээгэр хордсоны  дараа элдэв зүйл ярьж хардалцаж  байхаар “MoCobee CT3” загварын төхөөрөмжийн шүүлтүүрийг долоо хоногт 1-2 удаа цэвэрлэж, ариутгадаг, 100 жил ч ашиглах боломжтой, бат бөх эд гэдгийг япон мэргэжилтнүүд хэлээд байхад түүнийг  сонирхоод үзвэл яасан юм. Бидэнд барьж өгсөн Нарны гүүр 10 гаруй жилдийг үдлээ, яг хэвээрээ байж л байна.

Их наран улсын энэ төхөөрөмжийг эс юмаа гэхэд автобусны утааг шүүх  шүүлтүүрийг үтэр түргэн нийтийн тээврийн автобусанд суурилуулж хотынхоо өнгө үзэмж, агаар, орчныг сайжруулна байгаа.

 Эх сурвалж: Erennews.mn