Исламын улс бүлэглэл шинэ толгойлогчоо зарлалаа

2019-11-01

Исламын улс бүлэглэл толгойлогч асан Абу Бакр аль Багдадиг амь үрэгдсэнийг зарлаж түүний орыг залгах хүнийг нэрлэлээ. Уг мэдэгдлийг тус бүлэглэлийн шинэ хэвлэлийн төлөөлөгч Абу Хамза аль Карши террористуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох аль Фуган сайтаар дамжуулан хүргэжээ.

Каршигийн мэдэгдсэнээр Исламын улс бүлэглэлийн шинэ толгойлогчоор Абу Ибрахим аль Хашими аль Кураши сонгогджээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Америкчуудаа, аль Багдадиг устгасандаа баярлах хэрэггүй. Манай бүлэглэл зөвхөн Европ, төв Африкийг эзлээд зогсохгүй. Бид алга болохгүй, зүүнээс баруун хүртэл улам тэлэх болно” гэжээ.

Багдади энэ сарын 26-нд Америкийн армийн Сирийн хойд хэсэгт явуулсан дайралтын үеэр амиа алдсан юм.  Мөн Америкийн төрийн департментын мэдэгдсэнээр Исламын улсын хэвлэлийн төлөөлөгч асан Абу Хасан аль Мухажир ч амиа алдсан байна.

Ийнхүү дэлхийн номер нэг террорист Багдадиг таван жил хайсны эцэст устгасан юм. Түүний зургийг хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард аль Фуган сайтад тавьж байжээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn