Баахан “ЯРУУ” хийгээд багш А.САНЖМЯТАВ

2019-10-31

“Яруугийн амны хүн чулуу” гэхэд, түүхч, археологчид Түрэгийн үеийн зургаан хүн чулуу бүхий дурсгал гэж сайн мэдэж байна. “Яруугийн хүрээ” гэхэд, эрүүл мэндийн салбарынхан Ялгуулсан хутагтын XIII дүрийн хувилгаан Лувсандаржаа 1811 онд байгуулсан хийд. Уламжлалт анагаах ухааны сургууль – Мамбадацангаас нь XIX зуунд Адарсүрэн, Санжжав, Намсрай, Чунаг тэргүүтэй алдартай оточ маарамба олноор төрөн гарсан гэдгийг андахгүй байна. “Яруугийн гол” гэхэд, газар зүйчид Хангайн нурууны баруун урд талаас эх авч 80 км урсаж Улиастай, Богдын голд цутгаж цааш Завхан голд нийлдэг хэмээн түвэггүй хариулж байна.

Үнэнээ хэлэхэд энэ баахан “Яруу”-гийн талаар надад ямар ч мэдэх зүйл байхгүй. Гэхдээ уг үг нэг л танил үг сонсогдоод болдоггүй. Учир мэдэх эрхэм хаана байна вэ гэж сураглавал олон хүн Адъяабалжирын Санжмятав гэдэг багш залууг зааж өглөө. Тэрбээр “Наад Яруу чинь, Завхан аймгийн сум шүү дээ. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн төрсөн газар. Тийм учраас танд танил, дуулсан нэр байлгүй яах вэ”  гэж байна.

А.Санжмятав нь өөрөө Завханы Тосонцэнгэл сумын унаган хүү бөгөөд аймгийнхаа 24 сумыг тойрч бүрэн хэмжээний цуврал аяллын нэвтрүүлэг, баримтат кино бүтээж, мөн 2013 онд “Завхан нэвтэрхий толь” номын ерөнхий техник редактороор ажилласан оюунлаг нэгэн байв. Түүнд хандаж “Нөгөө баахан “Яруу” дээр нэмж дуулгамаар сонин сайхан юу байна вэ” гэвэл “Эхний ээлжид Яруугийн Цамц мод, Зүрх модны гэрэл зураг бэлэглэе” гэж байх юм. Эхний удаад гэхийг бодоход цаана нь зөндөө олон “Яруу” үлдэв бололтой. Олзыг олуулаа гэдэг. Уншигчдадаа түүний өгсөн хоёр гэрэл зургийг, дээр нь нэмж тайлбарыг нь толилуулъя.

 

Байрлуулсан юм шиг БУНДАН МОД

Яруу сумын төв Чандмань суурингаас зүүн зүгт 5 км-т, Согоотын амны шинэсэн ой төгөлд бундан зүрхэн хэлбэр үүсгэж ургасан төгөл ойн мод.

 

Дэлгэсэн юм шиг ЦАМЦ МОД

Яруу сумын төв Чандмань суурингаас урагш 8 км-т, Хэц улаан багийн нутагт оршдог мод. Сүүл хар уулын ар энгэрт дэлгээд тавьсан цамц хэлбэртэй бөөн мод. Баруун суганд нь ботгоны хэлбэртэй асга хад байдгийг нутгийнхан Ботгон асга гэж нэрлэдэг.

Е.МЯГМАРСҮРЭН