Мишээсэн дагина шиг МИНИЙ УЛААНБААТАР

2019-10-29

 

Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

Зүг зүгийн хүний

Зүрх сэтгэлд бий гэсэн дөрвөн мөр бүхий шошготой “Улаанбаатар” архи хэдэн жилийн өмнө нэг хэсэг хугацаанд худалдаанд гардаг байлаа. Манай улсын хүнсний ууган үйлдвэр “АПУ” компани сархдын шошгон дээр бичих эрхийг уг дууны үгийг бичсэн яруу найрагч Б.Хүрэлбаатараас тухайн үед гурван сая төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Харин энэ дөрвөн мөрийн дахилттай “Миний Улаанбаатар” дуу нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл баатрыг 2012-2016 онд ажиллаж байхад Хот тохижилтын газрын хог ачих 300 машины цагаан хойлоогоор, Гавьяат жүжигчин С.Ганзоригийн дуулснаар, зохиогчдын зөвшөөрөлгүйгээр эгшиглэж байлаа.

 

Нийслэл хотын сүлд дуу мэт андуурагддаг “Миний Улаанбаатар”-ын үгийг зохиосон Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Хүрэлбаатарт хандахад:

-Хөгжмийг нь миний анд Х.Баатар бичсэн юм. Түүнийг, аяыг нь зохиосон “Зулзган цагаан хус”, “Оюутан насаа дурсъя”, “Алтан сортой тариа” зэрэг олон дуугаар нь сонсогч олон мэдэх байх. 1974 онд Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулсан дууны уралдаан зарласан. Х.Баатар нэг өдөр миний ажил дээр хүрч ирээд дууны уралдаанд хоёулаа оръё гэлээ. Тэр дор нь дууны энэ шүлгээ бичсэн юм. Их амархан тэрлэсэн шүлгүүдийн нэг гэж ярьж байна.

Х.Баатар, Б.Хүрэлбаатар хоёр Ховд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуульд хамт сурч байсан багын найзууд ажээ. Тэд ардын дуу гэж андуурагддаг “Цэцэг нуур” дуугаа хамтран бүтээсэн түүхтэй. Олон Хүрэлбаатараас ялгахын тулд Б.Хүрэлбаатар гавьяатыг “Цэцэг нуурын Хүрэлбаатар” гэж уран бүтээлч найз нөхөд нь нэрлэдэг.

Өдгөө хүмүүс “Миний Улаанбаатар” дууг “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, С.Ганзориг гавьяатын дуулснаар сайн мэддэг ч Гавьяат жүжигчин В.Оросоо анх дуулж олны хүртээл болж Монголын Үндэсний радиогийн алтан фондод орсон.

 

Үг Б.Хүрэлбаатар Ая Х.Баатар

Миний Улаанбаатар

Эрх чөлөөгөө тунхаглаж

Эх орноо мандуулсан

Эрэлхэг Монгол түмний минь

Энгэрийн алтан одон

       Мишээсэн дагина шиг

       Миний Улаанбаатар

       Зүг зүгийн хүний

       Зүрх сэтгэлд бий

Азийн өргөн цээжинд

Үүрийн цолмон шиг гялалзсан

Ард түмнийхээ заяаг

Үдийн нар шиг ивээсэн

       Мишээсэн дагина шиг

       Миний Улаанбаатар

       Зүг зүгийн хүний

       Зүрх сэтгэлд бий

Өндөр хүчдэлийн шон дагуулж

Өргөө гэрүүд нүүсээр байна

Дүүргээ тэлсэн их хот минь

Дөрвөн ууландаа сүмбэрлэж байна

Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

       Зүг зүгийн хүний

       Зүрх сэтгэлд бий

Үүлгүй цэлмэг тэнгэрийн

Нар шиг сайхан хотод

Үлэмж саруул ирээдүйн

Намба төрх цогцолж байна

       Мишээсэн дагина шиг

       Миний Улаанбаатар

       Зүг зүгийн хүний

       Зүрх сэтгэлд бий.

 

Е.МЯГМАРСҮРЭН