Элсний нүүдэл шиг чимээгүй Завхан гол

2019-10-23

 

 

Биднийг 1980, 1990-ээд онд Завхан аймгийн төв Улиастай хотод ажиллаж амьдарч байх үед Дамдингийн Дармаа гэдэг лут зураач байлаа. Тус аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Завхан голын хөвөөнд төрж өссөн нэгэн гэх. Морь уургалах, бугуйлдахдаа Завханы урьд талын говийн хэдэн сум болон Дөрвөлжинтэй хил залгаа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Жаргалан сумын адуучдаас толгой дээгүүр гэх. Дөрвөлжин сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооноос зургаан сумынхны дунд зохион явуулсан уран уургач, бугуйлчдын Бага олимпод хоёр төрөлд хоёуланд нь түрүүлсэн гэж мэдэх хүмүүс ярьдаг байв. Энэ нь Д.Дармаа зураачийн залуу цагийн явдал биз ээ. Харин уран зураг гадарладаг мэргэжлийн зураачдын яриагаар бол тухайн цаг дор Завхан нутгаас тодорсон шилдэг уран бүтээлчдийн нэг, байгалийн зургийн төрөлд бусдаас толгой дээгүүр, өвөрмөц  “тавилттай” гэж бахархан ярьж байхыг олонтаа сонссон. Завхан гол дууг олон арван дуучин өөр өөрийнхөөрөө уран бүтээл болгож дуулсан. Гэхдээ С.Батсүх гавьяатынх бусдынхаас толгой дээгүүр өвөрмөц. Үүнтэй агаар нэгэн адил Отгонтэнгэр хайрхан, Завхан голыг өөр өөрийнхөөрөө уран бүтээл болгон зурсан олон арван зураачаас Д.Дармаа зураачийнх арай л өвөрмөц, толгой дээгүүр гэгддэг.

Бидний хэдэн анд саяхны балжинням, дашням давхацсан Намрын дунд сарын шинийн 17-ны найрын цагаар Завхан голыг уруудаж нэг үзлээ, өгсөж нэг үзлээ. Хангайн нурууны хамгийн өндөр ноён оргил Отгонтэнгэр хайрханы баруун өмнөд цавчилын адуун чулуудын дундаас эх авсан энэ гол нь баруун чигтэй довтолгож Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Дөрвөлжин, Говь-Алтайн Дэлгэр, Тайшир, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт, Ховд аймгийн Дөргөн, Увсын Завхан сумын хүн малын ундаа болон 808 км урссаар манай орны хамгийн нам дор газар Их нууруудын хотгор хүрч Увсын Айраг нуурт цутгана. Голын дагуу том том манхантай Монгол элс хэмээх элсэн нуруу 700-гаад км үргэлжилж Увсын Хяргасын хонхор хүрч Бага нуурын элстэй нийлнэ.

            Өрмөл шаргалыг хормойдсон

            Өмнийн нарыг түнэлсэн

            Хадаг яндар Завхан гол

            Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

                        Ээ Завхан гол

                        Элсний нүүдэл шиг чимээгүй

                        Ай Завхан голын

                        Анир үргээж адуу тургилна

            Хөлчүү зэрэглээ сандаалсан

            Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн

            Хатан тунамал Завхан гол

            Халхын нутгаар ороолно

                        Ээ Завхан гол

                        Элсний нүүдэл шиг чимээгүй

                        Ай Завхан голын

                        Анир үргээж адуу тургилна

            Зовлон жаргалаар мэлмэрсэн

            Зорголын нүд шиг ус гүйсэн

            Мөрөнгийн энтэй Завхан гол

            Мөнхийн усыг орлоно

                        Ээ Завхан гол

                        Элсний нүүдэл шиг чимээгүй

                        Ай Завхан голын

                        Анир үргээж адуу тургилна

Хөлгүй их найрын мөчлөг үе болоод ч тэр үү, хүн малын ундаа Завхан голын дэнж даган 808 км газар өртөөлж буусан гэрүүдээс Н.Лутбаяр найрагч, хөгжмийн зохиолч Ц.Жамьян нарын уран бүтээл энэхүү “Завхан гол” дуу үгэндээ нэг тунаран, аялгуундаа нэг алсран өдөржин шөнөжин дуурсаж байв.

Дорнын их найрагч Б.Явуухулан “Завхан нутаг сайхан нутаг Замын хүн саатмаар нутаг” гэж шүлэглэсэн нь зүгээр цагаан магтаал биш гэдгийг газрыг нь үзэж нүд тайлж байж мэдэрлээ, мэдлээ. Бас дээр нь нэмж, зөвхөн Завхан гол ч төдийгүй манай орны баруун биеийн томоохон гол мөрөн улсын хил давж харийн газарт усаа юүлдэггүй, нутаг амьтай буюу өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт буй нууруудад  (нэг нь нөгөөтэйгөө нийлж нэг урсгал болсон ч ялгаагүй) цутгадаг болохыг мэдлээ.

“Эх оронч” эдгээр  голыг засаг захиргааны нэгжээр тодотгол хийж нэрлэвэл: Ховд аймгийн Ховд, Чоно харайх, Татхан тээл, Буянт, Шураг, Гурванцэнхэр, Булган, Үенч, Бодонч гэх мэт, Увс аймгийн Тэс, Бөхмөрөн, Сагил, Хархираа, Хөндлөн, Түргэн, Баруунтуруун, Зүүнтуруун, Нарийн гэх мэт, Баянхонгор аймгийн Байдраг, Түй, Заг, Шаргалжуут гэх мэт, Завхан аймгийн Хүнгүй, Яруу, Чигэстэй, Богд, Тэс, Завхан гэх мэт.

Харин манай орны томоохон ус мөрөнд тооцогддог Урд, Хойт хоёр Тамир нь уулзвар бэлчрээсээ 52 км урсаад Орхон голын цутгалан болно. Туул гол 819 км урсаад мөн л Орхон голын цутгалан болж нийлдэг байна. Орхон гол нь 1124 км урсаад Сэлэнгэ мөрний цутгалан болдог. Сэлэнгэ мөрөн хойшоо хил гарч Байгал нуурт цутгадаг. Ингэхээр Тамир, Орхон, Туул, Сэлэнгийн ус Байгалаар дамжин Хойд мөсөн далайг зорин тэлгүүлдэг байх нь. Алдарт Онон гол хойшоо одож ОХУ-ын Өвөрбайгалийн нутгаар дайран Шилка голд нийлэн Номхон далай руу усаа сэлбэдэг бол усан болрын өнгөтэй урсгал сайхан Хэрлэн гол хил давж Өвөрмонголын Хөлөн нуурт цутгаж байгаа. Эдгээр гол мөрөнг усаа аваад гадагшаа зугтаасан “эх оронч” бус гэх нь хаашаа байна вэ. Их эзэн Чингисийн байгуулж бидэнд үлдээсэн эзэнт гүрний эх газар нутгаа бусдад алдаж өнөө цагийн тусгаар улсын хилийн цаана гаргачихсан хойч үеийнхний алдааны үр дүн юм даа.

Б.ЕРЭНТЭЙ (сэтгүүлч, МУСГЗ)