Сэтгүүлч бас “ХҮН”

2019-10-23

Сэтгүүлчийн ажлыг үнэлж, дүгнэнэ гэдэг хэцүү. Цалин багатай, цаг наргүй ажиллдаг гээд энэ мэргэжлийг сонгуулах дургүй үе эцэг, эхчүүдэд байсан. Харин одоо бол хаанахын ч хамаагүй хаалгыг зад өшиглөн ордог, хэдэн камер бэлтгэчихвэл шууд дамжуулалт нэрээр хэнийг ч буруутгаж, загнаж болдог юм байна гэх бодолтой үе бий болж, сэтгүүлч болохыг хүсэгчид ч нэмэгдэж байх шиг.

Өмн нь бол сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүн бүр өөрсдийгөө дөрөв дэх засаглалынхан гэдэг. Тэдний ажлыг ойлгож мэддэг хүмүүс нь ч тэр үгийн үнэнийг батлан, ажлыг нь хүндэтгэдэг. Хэвлэл, мэдээллийн салбарынхан ч ёс зүйн хэм хэмжээтэй, арга ядахад айл гэр, албан байгууллагад нэвтрэхдээ хаалга тогшиж, зөвшөөрөл авах ёстой гэдэг энгийн ойлголтыг толгойдоо шингээчихсэн байдаг байлаа.

Гэтэл сүүлийн жилүүдэд шууд дамжуулалт нэрээр камер барьж хүн айлгасан, бурууд нүд хурц хэмээн нийгмийн бүхий л муу, муухайг “ширхэгчлэн” үзүүлж, харуулдаг /хүн амины хэргийг ч ямар ч цензургүйгээр ил гаргах нь их/ хүмүүс олширчээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр энэ л хэрээр сэтгүүл зүйн салбарын талаар таагүй мэдээлэл, бидний ажилд итгэл алдарсан иргэдийн яриа газар авах болсон.

Одоо эцэст нь салбарын хэрүүл, гэрийн болж, гэрийнх нь хувийн хэрүүл болж. Түүнийгээ олон нийтэд ил цагаан цацаж, сэтггүлчид, хэвлэл мэдээллийнхэн гэдэг хар үгсээр булуулах болсныг саяхны жишээнүүд бэлхнээ харуулахаар байна.

Соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүл зүйн салбаырнхан хоорондоо муудалцаж, биесээ шантаажчин хэмээн муу үгсээр булж  байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй. Олон нийт сэтгүүлчдийг “хувь хүн” талаас нь харах нь ховор. “Чамайг энэ байгуллага гэж харна, сэтгүүлч гэж үнэлнэ, сэтүүлчид гэж хэлнэ”Тиймээс ажлаа, нэрээ, алхалтаа хичээж яваарай хэмээн багш нар ч байгууллагын удирдлагууд ч хэлж, анхааруулдаг байсан үе саяхан.

Харамсалтай нь соён гэгээрүүлэх үүргээ умартан, бусдыгаа уландаа гишгэж, зөвхөн буруугийн хойноос яваа мэт авирлагсад дэндүү олширчээ, салбарт маань. Цахим орчин хурдацтай хөгжихийн хэрээр сэтгүүлчдийн нэрийг ашиглан редакцигүй, мэргэжлийн боловсон хүчин ч үгүй мэдээллийн сайт олноор бий болсон. Мэргэжлийн байгууллага холбоод тэдэнтэй тэмцэж, тодорхой арга хэмжээ ч авч эхэлсэн. Арайхийн эхнээс асуудлыг цэгцэлж явтал одоо мэргэжлийн гэж үнэлэгдэж явсан боловсон хүчнүүдийн асуудал олны анхаарлыг татах болжээ. Гэхдээ тэдний ур чадвар бус сэтгүүлчийн ёс зүй, хувийн үзэл бодол нь л тэгж анхааралд өртөх болсон хэрэг. Хэвлэлийнхэн өрсөлдөж, муудалцлаа гээд улстөр, бизнесийнхэн хүрээнийхэн л ашигтай.

Тиймээс л сэтгүүл зүйн салбар эвлэл болон ёс зүйн хорооогоороо дамжуулан тулгарч буй асуудлуудаа хэлэлцэн, ярилцах шаардлага тулгараад байна уу гэлтэй. Азийн орнуудад сэтгүүлээр суралцаж төгссөн ч мэргэжлээрээ ажиллахын тулд дахин шалгалт өгч, мэргэжлийн эсвэл ёс зүйн алдаа гаргавал ажиллах эрхийнх нь талаар хөндөх зэрэг олон асуудал байдаг. Яг үүнтэй адил бид ч мэргэжил, салбарын нэр хүндээ бодсон яагаад ёс зүйн хэм, хэмжээг чанд мөрдөж, чадаагүй хүмүүстэй хариуцлага тооцож болохгүй гэж. “Бяруу болоогүй байж бухын баасаар баах” гэдэг шиг “ХҮН” болоогүй байж өвөртөө хийсэн сэтгүүлчийн дипломдоо эрдсэн хүн олон байна. Микрофон барьж, камер дагуулан, бусдыг айлгаж, ичээгээд байх нь сэтгүүлчийн ажил биш гэдгийг номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүн бүр мэдэж байгаа шүү дээ.

Эх сурвалж: erennews.mn