Ч.Улаан: Махны үнэ боломжийн төвшинд байна. Үүнээс илүү буурвал сөрөг үр дагавар бий болно

2019-10-17

 

Өвөлжилтийн бэлтгэл ажил ид хангаж буй энэ цаг үед малыг хөлөөр нь гаргах тухай яриа гараад байна. Тэгвэл дээрх асуудалтай холбоотой Засгийн газрын тогтоол цуцлагдаагүй гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан онцоллоо. Тодруулбал, БНХАУ руу гаргахаар бордоонд оруулсан 20 мянган мал Замын Үүд боомтод бий аж. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Сүүлийн хоёр сарын хугацаанд махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурсан гэж мэдээлж байна. Гэвч үзүүлэлтээр нь авч үзвэл есөн хувь нэмэгдсэн гэж албаныхан хэлсэн. Яагаад?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад махны ерөнхий үнэ нэмэгдсэн нь үнэн. Харин өнгөрсөн зургаа, долдугаар сарын үнийн хөөрөгдөл бий болсон үетэй харьцуулахад буурсан.

-Махны үнэ цаашид буурах болов уу?

-Цаашид буурна гэж 100 хувь хэлэх боломжгүй. Өнөөдөр боломжийн түвшинд байна шүү дээ. Одоо байгаа хэмжээнээс буурвал сөрөг үр дагавар бий болох магадлалтай. Учир нь үйлдвэрлэгчдийн өртөг, зардлыг хангасан түвшинд үнэ тогтох ёстой. Хэрэв мах үнэгүйдчихвэл мах үйлдвэрлэл асуудалтай болж мэднэ. Тиймээс оновчтой зөв харьцааг олох нь зөв. Тиймээс махны үнийг малчдын үйлдвэрлэж байгаа өртөг, зардлыг нөхөх хэмжээнд тогтоох нөгөөтэйгүүр, хот суурин газарт үнийн хөөрөгдөл гаргахгүй байх түвшинд тогтворжуулах шаардлагатай.

-Тэгвэл үнэ тогворжуулах тал дээр яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Үнэ тогтворжуулахын гол үндэс нь махны хангамж тогтвортой, зах зээл дээр хүрэлцээтэй байх ёстой. Тиймээс яамны зүгээс мах хангамжийг зах зээл дээр хүрэлцээтэй байлгах бодлого барьж ажиллаж байна. Үйлдвэрлэгчид нийслэлд ирж бүтээгдэхүүнээ борлуулдаг байх бололцоог бүх талаар нь дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад тодорхой хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, “Өвлийн идэш”, “Цагаан сарын ууц”, “Үүц” зэрэг арга хэмжээг зохион байгуулж болно. Ингэснээр малчид нийслэлд ирж бүтээгдэхүүнээ борлуулдаг бололцоо нэмэгдэнэ гэж үзсэн.

-Энэ жил хэчнээн тонн мах нөөцлөх вэ. Өнгөрсөн хавар нөөцийн мах тасарч олдоц багатай байсан шүү дээ?

-Энэ жил нөөцийн махыг өмнөх онуудаас 2-3 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Урьдчилсан байдлаар 15-20 мянган тонн мах бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд нөөцийн бага мах бэлдсэн. Энэ утгаараа махны хэрэгцээ нэмэгдсэн үед зохицуулалт хийх бололцоо яг үнэндээ байгаагүй. Тиймээс энэ жил махны нөөцийг хүрэлцээтэй байхаар бэлтгэнэ.

Түүнчлэн махны хангамжид нөлөөлж байсан томоохон гажуудлыг арилгахаар ажиллаж байна. Тухайлбал, дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээ иргэдийн хангамжид зориулсан зах дээрээс бэлддэг байсан. Энэ гажуудлыг арилгана.

-Энэ жил хур их орсон ч өвс, ногоо тэжээл муутай байна гэж малчид ярьж байсан. Малын өвс тэжээлийг хэрхэн бэлдэж байна вэ?

-Манай улсад бэлчээрийн даац хэтэрснээс ихээхэн асуудал дагуулж байна. Жишээлбэл, зуншлагын байдлаас үзвэл, орон нутгийн 60 орчим хувьд нь өвөлжих бололцоотой. Үлдсэн 40 хувьд нь бэлчээрийн даац хэтэрснээс тэжээлийн масс хүрэхгүй байна. Тиймээс өвөлжилтийг оновчтой зохион байгуулах, бэлчээр болон малын тоо толгойг уялдуулах шаардлага үүссэн.

-Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авна гэсэн үг үү?

-Тийм. Ингэж байж бэлчээрийн даацыг оновчтой зохицуулна. Нөгөө талаас нь авч үзвэл, малчид яах гэж мал өсгөдөг билээ. Эдийн засгийн эргэлтэд оруулах, орлогоо нэмэгдүүлэх, амьдралаа сайжруулах гэж л тэр шүү дээ. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоог нь гаргаж өгөх ёстой.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс долдугаар сард Засгийн газрын 285 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад юу хийх шаардлагатай бүх арга хэмжээг зааж өгсөн. Тухайлбал, хэдий хэмжээний өвс хадлан бэлтгэж, худаг ус, хашаа саравч барьж, отор нүүдлээ хэрхэн зохион байгуулах вэ зэргээр үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу 21 аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах захирамж гарч, ажлыг хэсэг томилогдсон. Бэлтгэл ажил хангагдаад явж байна. Яамны зүгээс аймаг, орон нутгуудын бэлтгэл ажилд шалгалт хийх ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ерөнхийд нь багцалж хэлбэл, өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдаж байна. Гэхдээ зарим нэг удаашралтай ажлууд ч бий. Үүнийг энэ сард багтаан дуусгана.

-Махны экспортыг нэмэгдүүлнэ гэж яриад байна. Энэ жил хэчнээн тонн мах экспортлох юм бэ?

-Энэ жил өнгөрсөн оноос арай бага хэмжээний мах экспортолж байна. Одоогийн байдлаар 30 гаруй мянган тонн мах экспортод гарсан. Цаашид махны экспортыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ үйлдвэрлэл дээр байсан элдэв гажуудлуудыг арилгаж шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой бүсээс бэлдсэн махыг үйлдвэрийн аргаар, хаягдалгүйгээр боловсруулсан махыг экспортод гаргах үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.

-Замын-Үүдийн боомтоор малыг хөлөөр гаргах мэдээлэл бий. Энэ үнэн үү. Уг нь үүнтэй холбоотой шийдвэрийг цуцалчихсан биз дээ?

-Тийм тогтоол цуцлагдаагүй. Амьдаар нь гаргах хэрэгцээ, шаардлага ч байна. Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрийн аргаар боловсруулан гаргах хүчин чадал хүрэхгүй байна. Гэтэл эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоо өндөр. Үүнийг борлуулах хэрэгцээ шаардлага бий учраас хоёр улсын тохиролцоо нөхцөлийг хангасан үед малыг хөлөөр нь асуудлыг бид цаашид зохион байгуулна. Одоогийн байдлаар хөлөөр нь нэг ч мал гаргаагүй. Замын-Үүдийн боомтоор гарахад бэлэн болж, бордоонд орсон 20 гаруй мянган мал бий.

Б.Лхам 24tsag.mn