Согтуугаар Төрийн тэргүүнийг доромжилсон залууг цаазалсан БАРИМТ

2019-10-15

Өнөө цагт бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 110.1 зааснаар “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх” ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 320 мянга байгаа тул торгуулийн хэмжээ доод тал нь 6.4 сая дээд тал нь 16 сая төгрөг болох нь. Энэ бол харьцангуй их мөнгө. Гэхдээ хуулийн дээд хэмжээ цаазлуулах шийтгэлтэй харьцуулбал юу ч биш. XX  зууны эхээр зарим тохиолдолд бусдыг доромжилсон этгээдийг шууд буудчихдаг байжээ. Ийм учраас “Дааганаас унаж үхдэггүй даравгараасаа (ам) болж үхнэ” гэсэн хэлц үг гарчээ. Уншигчдадаа нэгэн жишээг хүргэе.

Наранд шарахад гэрэл сайн шингээдэг хөх толботойгоороо дэлхийд гайхуулдаг нийт монголчууд бидний дунд уусан архиа шингээдэггүй хүмүүс байдаг. Тийм категорид багтах  Зүүн хүрээний лам Сэрээтэрийн Бүжгээ архи ууж агсам тавьсан хэргээр шийтгэгдэн есөн сарын хугацаагаар хоригджээ. Тэрээр 33 настай бөгөөд суллагдсанаасаа хойш гурав хоногийн дараа арванхоёрдугаар сарын 3-нд дахин архи ууж  олон нийтийн газар лам хүнд баймааргүй ааш авир гаргасан байна. С.Бүжгээ нь тухайн үед ухаан мэдрэлээ алдатдаа согтуу байх мөртлөө Монгол Улсын төрийн тэргүүний биеийн согогтой талыг онцгойлон дуудаж, улмаар “үхээгүй юү” гэж  хашгиран танхайрчээ.

Болсон явдлын цаг хугацааг тогтооход 1923 оны өвөл байх бөгөөд хэрхэн агсам тавьсныг гэрчийн мэдүүлгээр тогтоожээ. С.Бүжгээ нь хэдийгээр бусдад гар хүрч, зодоон хийгээгүй болов ч Монгол Улсын төрийн тэргүүн VIII Жавзандамба хутагтын нэр хүндийг гутаан доромжилж “Богд эзэн хаан хэмээгч тэр сохор үхээгүй юу. Түүний лүндэн юу ч биш.Шүүх яамнаас миний биеийг шийтгэхгүй” гэх мэтийн үг хэлж хашгирсан байна. Өөрөөс нь байцаалт авахад “Гэнэт архи уух дур хүрч орос худалдаачинд 40 мөнгө өгч нэг шил архи авсан. Архиа ууж  согтууран ухаан мэдрэлгүй болж гэнэт сэргэж үзвээс гянданд хоригджээ. Өчүүхэн би ууж согтуураад юу хэлж агсамнан аашилснаа огт мэдэхгүй” хэмээн үнэн зөв мэдүүлсэн байна.

Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль (Монгол Цаазны бичиг)-аар С.Бүжгээг шийтгэх гэтэл таарах зүйл анги байсангүй. Энэ нь нарангэрэлт түмэн наст VIII Богдыг үг хэлээр доромжилсон анхны тохиолдол, практикт гарсан анхны гэмт хэрэг байснаас  үүдэлтэй.  Богдын ордон, Нийслэл хүрээний эрх баригчид Төрийн тэргүүнийг аймшиггүйгээр хэлэгч Зүүн хүрээний лам С.Бүжгээг заавал шийтгэх, шийтгэхдээ бүр хүнд ял оноохыг зорилоо. Нэгэнт  таарах эрүүгийн хуулийн зүйл, анги байхгүй болохоор жишиж  болох заалт юу байна вэ гэсэн эрэлд гарчээ. Гэтэл тэдний аз таарч (ламын хувьд эсрэгээр) Шүүх цаазны бичгийн 10 муу ялын дотор “Тэнгэрийг тэрсэлсэн, зүйг эвдэж журмыг хорлосон” гэсэн маш ерөнхий заалт байж. Ингээд “Тэнгэр” гэдэг нь Богд, “зүйг эвдэж журмыг хорлох” гэдэг нь олон нийтийн газар архи ууж  согтуугаар агсамнасныг хэлж байгаа хэмээн жишиж болно гэж үзжээ. Шүүхийнхэн бусдаас хараат бус өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр “…албан яамны газраа агсамнан хээхэлзэж, мунхаг санааны дураар Богд хааныг хүнд үгээр хараан хэлснийг үзвээс … учир маш хүндийн хүнд тул Цаазны бичгийн Тэнгэрийг тэрсэлсэн, зүйг эвдэж журмыг хорлосон (гэх үндэслэлээр) хууль ёсоор алах ял оноож тогтоосон дүрмийн ёсоор буудаж цаазаар авч цээрлэл үзүүлэх” шийдвэр гаргасан байна.

1924 оны хоёрдугаар сарын 23-нд Зүүн хүрээний лам С.Бүжгээг Нийслэл хүрээний зүүн талын Шархаданд зэвсэг бүхий таван цэргээр харгалзуулан аваачин буудаж  ялын тогтоолыг гүйцэтгэжээ. Тогтоол гүйцэтгэхэд Шүүх яам, Цэргийн яамнаас тус  бүр нэг түшмэл, сүм хийдээс хамба лам Жамцыг байлцуулахаар томилсон байдаг.

1970 оны Энхтайвны Нобелийн шагналт, Оросын зохиолч А.Солженицын “Хүчирхийлэл хүмүүсийн тайван амьдралд орж ирэхдээ туган дээрээ “БИ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ” гэж бичсэн байдаг ба “Холдоорой, тэгэхгүй бол гишгэчихнэ шүү” гэж хашгирч явдаг. Өөртөө ч бүрэн итгэсэн байдаг юм” гэж хэлсэн.

Б.ЕРЭНТЭЙ (сэтгүүлч, МУСГЗ)