Нобель гэж хэн бэ. Зэвсгийн наймаачин, суут эрдэмтэн…

2019-10-10

Дэлхийн эрдэмтдийн шинэ нээлтийг жил бүр албан ёсоор баталгаажуулдаг Нобелийн шагналын хур энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн буулаа. Нобелийн шагналыг уламжлал ёсоор жил бүр, түүний нас барсан арванхоёрдугаар сарын 10-нд гардуулдаг бөгөөд шагналтны нэрийг ийнхүү хоёр сарын өмнө зарладаг уламжлалтай.

Энэ оных нь 118 дахь удаагийнх. Америкийн эрдэмтэн эмч Уильям Кэлин, Грег Семенц, Их Британийн биологич Питер Рэтклифф нар Физиологи-Анагаахын шинжлэх ухааны, Америкийн эрдэмтэн Жеймс Пиблз, Швейцарын эрдэмтэн Дидье Кело, Мишель Майор нар Физикийн, Английн химич Стэнли Уиттингэм, Японы химич Акиро Йошино, Америкийн физикч Жон Гуденаф  Химийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо. Өнөөдөр пүрэв гарагт Утга зохиолын, маргааш баасан гарагт Энхтайвны, харин ирэх долоо хоногийн мягмар гарагт Эдийн засгийн Нобелийн шагналтан хэн болохыг бид мэдэх болно. Ингэхэд Нобель гэдэг эрхмийн тухай бид хэр мэдэх билээ.

Шведийн химич, инженер Альфред Бернхард Нобель нь (1833-1896) XX зууны суут эрдэмтдийн гол төлөөлөгч юм. Тэрбээр нитраглицеринтэй харьцах аюул осолгүй арга олохоор туршилт хийх явцдаа өөрийг нь хамгийн их алдаршуулсан эрдэм шинжилгээний бүтээл-динамит болон бялтыг зохион бүтээжээ. Улмаар динамитын үйлдвэр, тэсрэх бодис үйлдвэрлэх боловсруулах компанийн сүлжээг байгуулсан байна. Нобель нь тэсрэх, дэлбэлэх бүтээгдэхүүнийхээ хүчийг нэмэгдүүлэхэд машид анхаарч байсан төдийгүй үүний зэрэгцээ тэсрэх бодисыг өдөөгч бялт, түүний хэрэгслийг чүдэнз болон бусад ердийн галд амархан автаж тэсрэхээргүй болгож сайжруулсан байдаг. Нобелийн бүртгүүлсэн 350 гаруй патентын дотор тэсрэх дэлбэрэхтэй огт холбоогүй хиймэл торго, арьс шир гэх мэтийн олон патент бас бий.

Хүн төрөлхтөний оюунлаг хүмүүний нэгд тооцогддог энэ швед эрдэмтэн дайныг эсэргүүцдэг, даян дэлхийд энхтайван тогтоохын төлөө цаг зав, хөрөнгө мөнгөө хайрладаггүй байсан. Гэсэн ч Нобелийн зохион бүтээсэн тэсрэх дэлбэрэх зүйл нь дайн байлдаанд байнга хэрэглэгдэж байсан учраас “үхлийн наймаачин”, “зэвсгийн наймаачин” гэсэн нэр хоч авч байсан удаатай. Харин дотнынх нь анд зохиолч Виктор Гюго түүнийг “Европын хамгийн баян хэрмэл бадарчин” гэж нэрлэдэг байжээ. Уран зохиолд авьяасаа сорьж, шүлэг найраглал бичиж, цөөнгүй тууж, жүжиг туурвиж Францын шилдэг олон зохиолчтой шадарлаж явсан Нобелийн амьдралын хэмнэл нь “аялал, аялал бас дахин аялал” байлаа. Байнга аялж, шинжлэх ухааны шинэ сонин санаа, сэдлийг хаана хэн гаргаж байна вэ гэдгийг мэдэхээр, мэдрэхээр хэсүүлчилдэг түүнийг зохиолч найзууд нь бас “чемодантай хэрмэл бадарчин” гэж ондоогоор нэрлэдэг байсан.

Альфред Нобель нь 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд Италийн Сан-Рэмо хотод өөрийн харшдаа 63 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр нас барахаасаа нэг жилийн өмнө 1895 оны арваннэгдүгээр сарын 27-нд Парист байхдаа гэрээслэл бичиж, дэлхий даяар зарж борлуулсан динамитаас олсон асар их хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг Нобелийн шагнал бий болгоход зориулахаар шийдсэн байна. Гэрээслэлд жил бүр олгох энэхүү шагналыг “өмнөх жилүүдэд нь хүн төрөлхтөнд агуу их хувь нэмрийг оруулсан хүнд өгнө” гэж заасан байдаг. Ингэж Нобелийн шагнал-Nobel Prize бий болсон. 1901 оноос уг шагналыг физик, хими, физиологи-анагаах ухаан, утга зохиол, энхтайвны чиглэлээр өгсөн бөгөөд 1968 оноос Шведийн банкны санаачилсан зургаа дахь шагналыг эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр олгох болсон.

Нобелийн шагналыг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцдог. Нэгэнт шагнал болсон хойно янз бүрийн шалихгүй хэл ам, явган яриа дагаж л байдаг. Хамгийн түгээмэл яриа гэвэл Нобелийн шагналын хороонд еврей гишүүн олон байдаг учраас еврей эрдэмтэд олонтаа уг шагналыг авч байна гэсэн хардлага сэрдлэг. Бас нэр дэвшүүлэхдээ улстөрийн явуулга хийсэн тохиолдол ч гарчээ. Жишээлбэл, 1939 онд энхтайвны Нобелийн шагналд тухайн үеийн Английн ерөнхий сайд Чемберлин дэвшсэн байжээ. Түүнд талгүй ханддаг Шведийн парламентын гишүүн Эрик Брандт (1884-1955) нь уг шагналд Гитлерийг  дэвшүүлсэн байна. Сайх гишүүний улстөрийн зорилго нь Чемберлинд энхтайвны Нобелийн шагнал өгүүлэхгүйд оршиж байлаа. Антифашист үзэлтэй Эрик Брандт эл шагнал нь Гитлерт очих ёсгүй, түүнд өгөхгүй гэдгийг дээд зэргээр мэдэж байсан. Энэ нь ердөө Чемберлинийг хамтад нь татаж унагах санаа байв. Хамгийн шоглоомтой нь өөрийг нь энхтайвны Нобелийн шагналд нэр дэвшүүлсний маргааш  Германы фюрер Гитлер Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн байдаг юм.

Нобелийн шагналтай холбоотой дурдвал зохистой нэг үйл явдал: Нобелийн сангийн төв байрны сейфэнд 1896 оноос хойш хэнд ч үзүүлэлгүй “дарж” байсан түүний гэрээслэлийг 119 жилийн дараа Стокгольм хотноо Нобелийн музейн шилэн хоргонд нэг сар гаруй хугацаанд байршуулж анх удаа олон нийтэд сонирхуулсан. Альфред Нобелийг 1896 онд нас барсны дараа түүний гэрээслэл бичсэн энэ дөрвөн хуудас нэлээд хэл ам дагуулсан. Хөрөнгийнхөө ихэнхийг шагналын санд, тун бага хэсгийг төрөл төрөгсдөдөө өвлүүлнэ гэсэн үг өгүүлбэр нь садан төрлийн хүмүүст таашаагдаагүй учраас сайтар хямгадахгүй бол уг гэрээслэлийг устгаж ч магадгүй нөхцөл үүсч байв. Нөгөөтэйгүүр Шведийн эрх мэдэлтэн, дээдсүүд Энхтайвны Нобелийн шагналыг Норвегийн парламент өгнө гэсэнд маш дургүйцжээ.

Хэл ам таталсан таван жилийг үдсэний эцэст Нобелийн гэрээслэл биеллээ олж анхны шагналтнаар 1901 онд Рентген (физик), Вант-Гофф (хими), Беринг (физилиоги-анагаах ухаан), Сюлли Прюдом (утга зохиол), Жан Анри Дюнан болон Фредрик Пасси (энхтайван) нар тодорсон түүхтэй.

Дашрамд дурдахад шагналын эздэд диплом, Нобелийн дүрс бүхий алтан медаль гардуулдаг. Мөн мөнгөн шагнал дагалдуулдаг. Энэ удаад мөнгөний хэмжээ нь 1.1 сая ам.доллар ажээ. Манай монгол мөнгөнд шилжүүлбэл хоёр тэрбум 935 сая төгрөг болж байна. Физик, хими, физологи-анагаах ухаан, утга зохиол, энхтайвны Нобелийн шагналтнуудын Алтан медаль нь бүгд, Шведийн сийлбэрч, уран барималч Эрик Линдбергийн анх хийсэн  нэг ижил загвартай, 175 гр жинтэй, 6,6 см диаметртэй байдаг. Харин 1968 оноос эхэлж өгсөн Эдийн засгийн Нобелийн шагналын Алтан медаль нь арай өөр загвартай, ялимгүй хүнд байдаг.

Эх сурвалж: Aguulga.mn Е.Мягмарсүрэн