Нобелийн шагналтнуудын нэр тодорч эхэллээ

2019-10-09

 

Дэлхийн эрдэмтдийн шинэ нээлтийг жил бүр албан ёсоор баталгаажуулдаг Нобелийн шагналын хур энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн буулаа. Нобелийн шагналыг уламжлал ёсоор жил бүр, түүний нас барсан арванхоёрдугаар сарын 10-нд гардуулдаг бөгөөд шагналтны нэрийг ийнхүү хоёр сарын өмнө зарладаг уламжлалтай.

Энэ оных нь 118 дахь удаагийнх. Америкийн эрдэмтэн эмч Уильям Кэлин, Грег Семенц, Их Британийн биологич Питер Рэтклифф нар Физиологи-Анагаахын шинжлэх ухааны, Америкийн эрдэмтэн Жеймс Пиблз, Швейцарын эрдэмтэн Дидье Кело, Мишель Майор нар Физикийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо. Өнөөдөр Химийн, маргааш пүрэв гарагт Утга зохиолын, баасан гарагт Энхтайвны, харин ирэх долоо хоногийн мягмар гарагт Эдийн засгийн Нобелийн шагналтан хэн болохыг бид мэдэх болно.

Дашрамд дурдахад шагналын эздэд диплом, Нобелийн дүрс бүхий алтан медаль гардуулдаг. Мөн мөнгөн шагнал дагалдуулдаг. Энэ удаад мөнгөний хэмжээ нь 1.1 сая ам.доллар ажээ. Манай монгол мөнгөнд шилжүүлбэл хоёр тэрбум 935 сая төгрөг болж байна. Физик, хими, физологи-анагаах ухаан, утга зохиол, энхтайвны Нобелийн шагналтнуудын Алтан медаль нь бүгд, Шведийн сийлбэрч, уран барималч Эрик Линдбергийн анх хийсэн  нэг ижил загвартай, 175 гр жинтэй, 6,6 см диаметртэй байдаг. Харин 1968 оноос эхэлж өгсөн Эдийн засгийн Нобелийн шагналын Алтан медаль нь арай өөр загвартай, ялимгүй хүнд байдаг.

Эх сурвалж: aguulga.mn Е.Мягмарсүрэн