“Виктор” бүргэд Альпийн нурууны зургийг GoPro камераар авлаа

2019-10-09

Олон улсын буяны “Eagle Wings Foundation” байгууллага дэлхийн дулаарлаас үүдэн Европын Альпийн нурууны мөс, мөсөн гол хайлж байгалийн тэнцвэр алдагдаж байгааг нотлох баримт цуглуулах ажилд “Виктор” дуудлагатай бүргэдийг ашиглалаа.

Бүргэдийн хүзүүнд GoPro камер зүүж  таван улсын нутаг дэвсгэрт хамаардаг Альпийн нурууны таван оргилын ойр орчмын видео бичлэг хийж урьд өмнө нь цас мөсөөр хучигдаж байсан газрууд одоо тийм байсан гэх ул мөргүй болтлоо нүцгэрснийг дүрсжүүллээ.

“Виктор” бүргэдийн “хийсэн” бичлэг нь газраас удирддаг дромоор авсан киноноос хэд дахин их өгүүлэмж, агуулгатай болсныг тус сангийнхан мэдэгдээд өөрийн YouTube-тэй тавилаа. Энэ аравдугаар сарын 3-7-нд хийсэн бичлэгээс уулын орой, түүний налуу дахь мөсөн голууд хайлж байгааг мэдэрч болохоор байна.

Нэмж хэлэхэд, сүүлийн 13 жилийн хугацаанд Швейцар дахь Пицол гэдэг мөсөн голын 80 хувь хайлжээ. Байгаль хамгаалагчид, нутгийн иргэд уг голыг “оршуулах” ёслолыг өнгөрсөн есдүгээр сард хийж Альпийн нурууны мөсөн голууд мөхлийн ирмэгт хүрээд байгаад дэлхий нийтийн анхаарлыг татах оролдлого хийсэн. Мөн ийм зорилгоор өнгөрсөн наймдугаар сард Исландад 700 жилийн настай нэгэн мөсөн голыг “оршуулах” ёслол үйлдсэн байна.

Эх сурвалж: Aguulga.mn Е.Мягмарсүрэн