Хүмүүс өдөрт дунджаар 33 УДАА ХУДЛАА ЯРЬДАГ

2019-10-08

Суут эрдэмтэн Николай Коперник, Галило Галилей, Жордано Бруно нар Дэлхийг Нар тойрдог бус эсрэгээрээ Нарыг Дэлхий тойрон эргэдэг онолоо гаргахаас бүр урагш, ер нь гараг эрхсийн талаар хүн төрөлхтөн А-гүй байсан үед Газрын дундад тэнгисийн эрэг дэх  нэгэн хот улсын ард иргэд Дэлхийг бөөрөнхий, хавтгай гэсэн эсрэг тэсрэг үзэл бодлоо санал асуулгаар шийдэж хавтгай болохыг баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал хавтгай гэж санал өгсөн бүх хүн худалчид тооцогдоно. Тэр үедээ бол Дэлхийг бөөрөнхий гэсэн хүмүүс нь худалчаараа дуудуулж байсан гэдэг. Ер нь зоос хоёр талтайг бодолцож бүгдийг багцлаад сайтар тунгаах аваас энэхүү үйл явдлыг бичиж үлдээсэн түүхч санаанаасаа зохиож худлаа залсан байж мэдэх юм. Ингэхэд зайлшгүй шаардлага гарлаа ч худлаа ярих нь зөв үү?

Бурхан Буддагийн номлогч лам нар “Нэгд, өөрийгөө болон бусдыг өмгөөлөхийн тулд, хоёрт, айж балмагдсандаа, гуравт, бусдын толгойг эргүүлэхийн тулд гэсэн гурван үндэслэлээр худал хэлэх зайлшгүй нөхцөл тулгардаг. Үүнийг давж гарахыг хичээгтүн” хэмээн сургадаг. Бурхны шашны онолоор худал ярих нь арван хар нүглийн нэг, улмаар хэлээр үйлдэх дөрвөн нүглийн нэгдүгээрт дугаарлагддаг үйл. Тодорхойлолт нь  “Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүдлээс ямар нэгэн байдлаар бусдыг санаатайгаар толгойг нь эргүүлэн тэдэнд буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг нь элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ. Худал үгийг ихэвчлэн амаар өгүүлэх боловч дуугүй байх, толгой дохин хүлээн авах, мөн биеэр болон дохио зангаагаар заах тэргүүтнээр хуурах нь худал ярихын нүгэлд багтана” гэсэн тайлбартай.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн томоохон улстөрчид яриандаа “худалчийн парадокс” гэсэн нэр томьёог ихээр хэрэглэдэг. Энэ парадокс нь МЭӨ VI зууны үед амьдарч байсан Критийн (Газрын дундад тэнгисийн арал) номлогч Эпименидийн “Бүх критчүүд худалч” гэсэн үгтэй холбоотой гарсан. Хэрвээ өөрийнх нь хэлсэн үг критчүүдэд хамаатай бол крит хүн Эпименид ч бас худалч. Өөрөөр хэлбэл, бүх критчүүд худал гэдэг нь худал болно гэсэн утга агуулдаг.

Сэтгэл судлаачдынхаар бол хүмүүс өдөрт дунджаар 33 удаа худал ярьдаг ажээ. Хэл бол харилцааны хэрэглүүр гэдгийг бид мэднэ. Тэдний онолоор худал ярих нь энэхүү хэрэглүүрийн доторх, хүмүүсийн хоорондох харилцааг зохицуулах маш чухал хэрэгсэл юм байна. Худал ярихын ашиг тус, арван хар нүглийн тухай яриагаа түр азнаад Гиннесийн номд хамгийн худал ярианы жагсаалт байх аваас ямар ч саадгүйгээр эхний аравт багтах  хоёр томоохон тохиолдлыг уншигчдадаа хэлье.

 

И.Ньютон модноос алим унахад санаа төрсөн гэж ярьсан НЭГ ХУДАЛ

И.Ньютон (1643-1727) цэцэрлэгийн алимны мод унахыг хараад Таталцлын хуулиа нээсэн домгийг хүмүүс мэдэхийн дээдээр мэднэ. Чин үнэндээ бол суут эрдэмтэн өөрөө барин тавин худлаа ярьж гаргасан домог. Таталцлын хуулиа нээснээс хойш 40 жил дуугүй байсан тэрбээр 1726 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Уильям Стьюклитэй (1687-1765, Английн архео­логич) өдрийн хоол идэхдээ, цэцэрлэгийн модноос алим унахыг хараад таталцлын тухай санааг бодож олсон гэж анх удаа ярьжээ. И.Ньютон таталцлын санааг өөртэй нь нэгэн цаг үед амьдарч байсан “Английн Леонардо да Винчи”  гэгддэг суут эрдэмтэн Р.Хүүкээс (1635-1703)  өмнө сэдсэн гэдгээ “батлах”-аар санаанаасаа зохиож ярьсан юм билээ. И.Ньютон 1672 онд Гэрэл болон солонгын өнгөний талаар эрдэм шинжилгээний анхны ажлаа бичиж Английн Эзэн хааны нийгэмлэгт танилцуулсан, гэхдээ урьд нь Р.Хүүкийн дэвшүүлсэн санааг бүтээлдээ ашигласнаа дурдаагүй. Үүнээс улбаалан хоёр агуу эрдэмтэн толхилцож эхэлсэн бөгөөд Р.Хүүк түүний ажлыг нь шүүмжилж хоорондын зөрчлөө хаданд гаргасан. Гэсэн хэдий ч Р.Хүүк таарамжгүй байдлаа умартан И.Ньютонд Гравитацын хүчний урвуу квадратын хуулийн талаар 1680 онд зөвлөгөө өгч байсан нь түүнийг шинжлэх ухаанд хэр үнэнч “боол” болохыг нь батлан харуулдаг. Р.Хүүкийн залуу цагийн аятайхан хөрөг зураг Эзэн хааны нийгэмлэгт хадгалагдаж байсан нь хожмоо алга болжээ. Түүнээс 24 жилийн дараа хорвоог орхисон И.Ньютон уг зургийг устгасан гэх яриа тухайн цаг дор гарсан байдаг. Гэхдээ энэ яриа ч бас худал байж мэднэ.

 

Чанчүнь бумба гэдэг хүмүүн 300 настай гэсэн БАС НЭГ ХУДАЛ

И.Ньютоноос дутахгүйгээр том худал хэлсэн хүн бол Чингис хааны хувийн эмч, шадар зөвлөх Лю Жунлу. Тэрбээр 1223 онд болсон Эзэн Чингис хаан, Даогийн шашны (монголчууд Бумбын шашин гэж нэрлэдэг. Бурхангүй газрын бумба галзуурлаа гэсэн хэлц үг бий) тэргүүн хамба лам Чанчүнь бумбын түүхэн уулзалтыг зохион байгуулсан эрхэм. Чингис хааны хувийн эмчээр ажиллаж түүнд анагаах, тэжээх ухааны үүднээс зөвлөж байсан Лю Жунлу нь Чингис хаанд “Нангиад газар Чанчунь бумба гэгч арш хүмүүн 300 нас насалжээ. Түүнд биеийг тэжээн, урт наслахын нууц эрдэм бий“ хэмээн худал хэлжээ. Ингэж 300 хүрсэн настны тухай ярьж байж түүнтэй уулзахыг хүссэн заллагьн захидал явуулахыг Чингис хаанаар зөвшөөрүүлж чадсан аж. 1219 оны шаргачин туулай жилийн тавдугаар сарын шинийн нэгнээр огноолсон Чингис хааны захидлыг Лю Жунлу өөрийн биеэр Чанчүнь бумбад хүргэж өгсөн бөгөөд түүхэн уулзалтыг зохион байгуулахын тулд түүнд бас нэмж юу гэж худал хэлсэн нь өнөөдөр байтугай тухайн үед нууц болон үлдсэн. Чанчүнь бумба нь одоогийн Хятадын Шаньдун мужаас Монгол, Казахстан, Кыргызийн нутгаар хөндлөн туулж Афганистаны Гин-дугушийн нуруу хүртэл түмэн бээрийг 1220-1223 онд туулан Чингис хаантай уулзсан.

Их хаан түүнээс нас сүүдрийг нь асуухад тэрбээр “Би нас сүүдрээ мэддэггүй юм аа. Хэдийнэ мартсан” гэж булзааруулсан байдаг. Энэхүү хариулт нь Лю Жунлугийн худал хэлснийг илчлэхээс зайлсхийсэн хэрэг. Чанчүнь бумба 1148 онд төрж, 1227 онд нас барсан бөгөөд Чингис хаантай уулзахдаа юун 300 мантай ердөө 75 настай байсан юм билээ. Харин манай их хаан тэр үед 65-тай байж.

Чанчүнь бумба арштай хамт аялсан, түүний шавь Ли Жичаны “Чанчүнь бумбын Өмнөд этгээдэд аялсан тэмдэглэл”-д,

Уул хээрийн хүмүүн би хаан таны зарлигийг хүлээн авч хүрч ирсэн минь тэнгэрийн санаа болой! гэв. Чингис хаан ихэд баясч багшийг эрхэм суудалд урьж суулгасан билээ. Хаантан багшаас,

Хүмүүнийг мөнхрүүлэх ямар ид шидтэй эм тан алс газраас авчирч өтөл надад туслах гэж байна хэмээн асуусанд багш хариу өгүүлрүүн,

Биеийг тэтгэж, насыг уртасгах арга буй. Үүрд мөнх байлгах эм тан үгүй болой!  гэв. Үүнийг сонсоод хаантан түүний шударга үнэнчийг сайшаан үнэлж, өөрийн өргөө асрын зүүн талд хоёр гэр бариулж суулгахаар тогтсон юм… гэж бичсэн.

 

Түүхэн уулзалтын ЭЕРЭГ ГУРВАН ҮР ДҮН

Чингис хаан Чанчүнь бумбыг урьж уулзсан явдлыг эрдэмтэд тайлбарлахдаа биеийг сувилж, насыг уртасгах арга ухааныг эрэлхийлснээс гадна төр засаг, гүрэн улс, ард түмнийг удирдан жолоодох арга ухааныг Бумбын шашнаас мэдэж авах гэсэн зорилготой байсан гэж үздэг. Зарим судлаач энэ түүхэн уулзалтаар Чингис хааныг Бумбын шашинд орсон гэж хүртэл ярьдаг билээ. Ер нь энэ сэдвээр санал зөрдөг гэж ойлгож болно. Харин 300 настны тухай Лю Жунлугийн худал ярианд дэвсгэрлэсэн энэхүү түүхэн уулзалтаар монголчуудад үл мартагдах гурван эерэг зүйл тохиосон болохыг эрдэмтэн судлаачид 100 хувь хүлээн зөвшөөрдөг.

Энэ нь нэгдүгээрт, Хүннү бол монголчуудын өвөг дээдэс болох нь баталгаажсанЧингис хаанаас Чанчүнь бумбад илгээсэн захидалдаа “Мөнх тэнгэрийн ивээлээр, их суурины хаан надад соёрхон Өмнөдөд Жоу овогт Сүн улстай зах залган, Умардад Уйгартай хил нийлж Өрнийн улс цөм алба өргөн харьяат болов. Манай эртний Шаньюйгийн улсаас нааш олон зуунд тохиолдоогүй” хэмээн бичжээ. Энд яригдаж буй Шаньюй бол Төв Азийн нүүдэлчдээс хамгийн анх 2228 жилийн тэртээ МТӨ 209 онд төрт улсаа байгуулсан Хүннүгийн хаан Модунь Шаньюй юм.

Хоёрдугаарт, эцэг эхийгээ ачилж элбэрэх нь урьд өмнөхөөсөө сайжирсанЧанчүнь бумба “Өдий болтол миний олж сонссоноор 3000 гэм нүглийн дотроос бусдад ачлал энэрэл үл үзүүлэх нь хамгийн их нүгэл хэмээдэг. Эдүгээ сонсвоос монголчуудын ёс сурталд эцэг эхийгээ ачилж элбэрэхгүй нь олон хэмээнэм. Тиймээс хаан Та суу заль, эрх эрдмээрээ ард иргэддээ энэ тухай сануулан сургаж болох буй заа” хэмээн Чингис хаанд хандсан байна. Их хаан ч үүнээс санаа аван эцэг эхээ элбэрлэн хайрлах тухай зарлиг гарган Монголын харьяат газар нутагтаа тарааж сонордуулсан байна.

Гуравдугаарт, монголчууд зун цагт гол мөрний усанд орж, хувцс хунараа угаадаг, эсгий хийдэг, хээр талд ургасан мөөг, жимс түүж идэх эрх нээгдсэн. Их засаг хуулиар зун цагт гол мөрний усанд орж, хувцас хунараа угаах, эсгий хийх, хээр талд ургасан мөөг, жимс түүж идэхийг хориглосон байв. Эдгээр үйлийг хийхэд хилэгнэж уурласан тэнгэр дуугарч, аянга буудаг гэсэн буруу ойлголт мөнх тэнгэрээ шүтдэг, бөөгийн шашинтай монголчуудад, харц ардаасаа эхлээд эзэн хаанд хүртэл байлаа. Чингис хаан тэнгэр дуугарч, аянга ниргэхийн учрыг асуухад Чанчүнь бумба,

-Уул хээрийн хүмүүн миний сонссоноор монгол хүн зуны цагт гол мөрний усанд ордоггүй, хувцас хунараа угаадаггүй, эсгий хийдэггүй гэсэн. Бас хээр талд ургасан мөөг жимс тасдаж түүхийг нүгэл хэмээн ихэд цээрлэдэг зэрэг нь цөм тэнгэрийг хилэгнүүлэхээс эмээсэн хэрэг буй заа. Гэвч энэ бол тэнгэрийг шүтэх зам ёс биш юм аа гэж хариулсан байна.

Энэхүү учир шалтгааны тайллын үр дүнд  Их засаг хуулийн хориглох цээрээс дээр дурдсан үйлийг эс хийх заалтыг хассанаар албан ёсоор зөвшөөрөгдсөн гэсэн үг. Түүхэн уулзалтаас хойш 796 жил өнгөрчээ. Урьд өмнө нь зөвхөн, тэнгэр дуугардаггүй өвлийн цагт харз усанд, хавар намартаа гол мөрний усанд орж, хувцсаа угаадаг байсан монголчуудад ариун цэвэр сахихад хамгийн тохиромжтой дөрөв дэх улирал – зун цаг ийнхүү нэмэгдсэн түүхтэй.

 

Б.ЕРЭНТЭЙ (сэтгүүлч, МУСГЗ)