Шинжилгээгээр шахмал түлш стандарт шаардлага хангасан гэх хариу гарлаа

2019-10-07

Шахмал түлшний дээжээс авсан шинжилгээний дүнг танилцууллаа. Нийт 23 дээжийг албан ёсны гурван лабораторид шинжилгээнд хамруулсан юм. Шинжилгээгээр угаарын хийнд хордсон гэх айлуудын шахмал түлшний чийглэгийн хэмжээ, үнслэг, илчлэг шаардлага хангасан гэнэ. Тодруулбал, шахмал түлшний үнслэг 23-24, хүхэр 0.95-1.04 гарсан байна. 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн шинжилгээний дүнг танилцуулж дуусаад “иргэд химийн бодист хордоогүй, угаартсан” гэж мэдэгдлээ. Ийнхүү шинжилгээний хариуг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргахаар боллоо. Цагдаагийн газарт бүртгэгдсэнээр он гарсаар 12 хүн гэр, сууц, машиндаа угаартаж нас барсан байна.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Мөн шахмал түлштэй холбоотойгоор үүсээд буй асуудлаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Одоогоор хордлогод өртсөн айлын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, Тавантолгой ХХК-ийн үйлдвэрээс авсан 23 дээжийн шинжилгээний хариу гарсан байна.

Мөн шахмал түлшний дээжийг Солонгос, Хятад руу шинжилгээнд явуулсан гэж мэдэгдлээ. Гэхдээ тус шинжилгээний хариу хэзээ ирэх талаар мэдээлэл хийсэнгүй. Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан иргэд дахин шахмал түлшний угаарын хийнд хордохгүй байхад анхаарч ажиллахыг дүүргүүдийн засаг дарга болон хэсгийн ахлагч нарт даалгалаа.

Түүнчлэн үйлчилгээний байгууллагаар дамжуулан шахмал түлшний заавар, зөвлөгөөг иргэдэд хүргэж, шахмал түлшний дээжээс авсан шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.

Сануулбал, энэ сарын дөрвөнөөс таванд шилжих шөнө шахмал түлшний угаарын хийнд дөрвөн иргэн хордож амиа алдсан юм. Нийт 35 иргэн угаарын хийнд хордсон ба одоогоор зургаан иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эх сурвалж: udriintoim.mn