Гишүүдээ, хүн бүр бурхны шашинтай байх албагүй

2019-10-03

Гишүүдээ, хүн бүр бурхны шашинтай байх албагүй

Шашин шүтэх эс шүтэх эрхийг Үндсэн хуулиар олгосон. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан.

Мөн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчлэн найруулсан хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болон шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгах, шахалт үзүүлэх, хууран мэхэлж татан оруулах, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчлахыг хориглосон заалтууд орсон.  Зөрчлийн тухай хуульд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон.

Гэтэл өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нарын зүгээс  олон нийтийн шүүмжлэлийг дагуулах, дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөх  хуулийн төсөл өргөн барив.

Энэ нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл. Энэхүү төсөлд бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Тэд БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар улсаас жишээ авч энэ хуулийн төслийг боловсруулсан гэнэ. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг гэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байгаа юм.

Гэхдээ эрхэм түшээд ээ, та бүхэн ямар бурхан, ямар шашнаа шүтэх нь бидэнд падгүй. Харин та бүхний шүтдэг шашинг бид ухайлан дэмжиж, нэг өдөр амарч, бүхэл бүтэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг эндүүрэл. Энэ хуулийг төсөл нь  дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл шашны үзлээ Монголчуудад шууд тулгаж, шарын шашинд татан оролцуулах ажиллагаа хийж байгаатай ялгаагүй.

Иймэрхүү шашны үзлээр ялгаварлан гадуурхаж бүхэл бүтэн хуульд нийтээр тэмдэглэх амралтын өдөр нэмэх гэж буй үйл явцыг тайлбарлахад төвөгтэй юм. Удахгүй Есүс Хритсын мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна гээд хуулийн төсөл өргөн баригдвал гайхах зүйлгүй. Учир нь үндсэн хуульд шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон шүү дээ.

П.ГОО
Оллоо.мн