“Найрамдал”-д хууль бусаар газар эзэмшсэн 60 компанийн эрхийг цуцална гэв үү?

2019-07-29

Хүүхэд багачуудын хөгжлийн төв “Найрамдал” зуслангийн газрыг  хууль бусаар эзэмшиж байгаа асуудлыг Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын хуралдаанаар хэлэлцэж, цуцлах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

АН-ын дарга С.Эрдэнээс эхлээд улс төр, бизнесийн томоохон албан тушаалтнууд их хэмжээний газрыг “Найрамдал” зуслангийн ойролцоо эзэмшиж байгаа жагсаалт олон нийтэд ил болсон. Үүний дагуу Хотын дарга С.Амарсайхан “Найрамдал” зусланд газар дээр нь ажиллаж хууль бусаар эзэмшиж байгаа гзарын эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдээлж байлаа. Тэрээр “Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал  зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй  болсон байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй” гэж байсан нь саяхан.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг ажил ямар явцтай байгаа талаар сураг алдарлаа. Засгийн газрын тэргүүний үүрэгдсэнээр бол өнөө маргаашгүй шийдэж, Найрамдал зусланг хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд хөгжиж амрах эрхийг баталгаажуулж хууль бус газруудыг цуцлахыг шаардаж байсан. Хотын дарга С.Амарсайхан тус газар дээр ажиллах үеэр эрхийг нь цуцлах 60 аж ахуйн нэгж байсныг эх сурвалж хэлж байна. Харин чухам тэдгээр 60 иргэн, аж ахуйн нэгжид олны танил хүмүүсийн газар орсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байдаг аж.

Эдгээрээс зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулдаг, авсан газар дээрээ барилга байгууламж барихгүйгээр хав дардаг этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг яаравчлах шаардлагатай байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ