Толгойг нь 40 мянган ам.доллараар үнэлсэн ч тэмцлээ зогсоогоогүй эмэгтэй

2019-07-27

Баячууд нь ядуучуудаа хямд үнээр зарж арилжиж, зарцалж шулж, мал амьтдаас ялгаагүй үзэхийг боолчлол гэдэг… Хэт нунж дорой, эсвэл тэнэг мангар л биш юм бол дарлуулсан түмэн үргэлж босч тэмцдэг түүхэн зүй тогтолтой билээ.

1800-аад онд АНУ боолчлолын сонгодог жишээ байлаа. Бүр 1900-аад онд ч тэр чигээрээ байсан мужууд бий. Тэгвэл тэдний эсрэг тэмцсэн турьхан хэрнээ барын зүрхтэй эмэгтэйчүүдийн нэг бол Харриет Табмэн юм.

Тэрбээр 1822 онд Мэрилэндэд оршин суух нэг боолын гэр бүлд төржээ. Нэрийг нь Араминта Росс гэдэг байж. Гэвч хожмоо эхийнхээ нэрийг авч Харриет болсон юм билээ. Таван настайгаасаа Харриет айлд үйлчлэгчээр зарагдаж эхэллээ. Харин 12 настайдаа тариан талбайд ажиллах болжээ.

Нэг удаа тариан талбай дээр боолыг алчих дөхөн зодохыг харсан Харриет биедээ баймгүй зориг гарган хамгаалж өмгөөлөхөөр очтол түүнийг бас нүдчихэж. Толгойдоо маш хүчтэй өшиглүүлсэн болохоор насан туршдаа үе үе ухаан алдаж унадаг болсон гэдэг.

24 настай Харриет боол биш эрх чөлөөт хар арьст эр Жон Табмэнтэй гэрлэжээ. Хайрлаж дурласандаа ч биш эрх чөлөөг мэдрэхийг хүссэн нь тэр. Удалгүй нөхөртөө санаагаа хэлж, боолчлол ноёрхсон өмнөдөд бус боолчлолыг халсан умардад амьдрахыг хүсч буйгаа илэрхийлж, тийшээ явья гэж ятгажээ.

Гэвч нөхөр нь зөвшөөрсөнгүй. Харин ч бүр орон нутгийн цагдаад хэлж, нүдүүлж зодуулах юм ярьж гэнэ. Яахав, зүрхийг нь үхүүлэх гэсэн арга ч байсан биз. Гэвч арав гаруйхан наснаасаа л эрх чөлөөний тухай бодож, чадахаараа тэмцсээр ирсэн бүсгүйд айх зүйл байсангүй. 1849 оны нэгэн шөнө гэрээсээ гараад умардыг зүглэн гүйчихжээ. Умардад гэрэлтэгч оддоор баримжаагаа аван хурдалсан хэрэг.  Гүн шигүү ойг туулан гарч, умардад хүрч, эрх чөлөөг олсон ч гэсэн тэр буцаж ирэхээс өөр арга байсангүй. Учир нь өмнөдөд түүний гэр бүл үлдсэн байлаа.

Эхлээд Харриет өмнөдөд буцаж ирээд эгчийгээ хүүхдүүдтэй нь хамт оргуулжээ. Эгчийг нь хүүхдүүдийнх нь хамт мал шиг дуудлага худалдаагаар зарчих гээд байсан тул зориглосон хэрэг. Үүнээсээ санаа урам авч, дүүгээ, дараа нь ахимаг насны хамаатнуудаа оргууллаа.  Харин дараа нь өөр хамаагүй хар элгийн ч гэсэн адилхан хар арьстай боолуудыг оргуулах ажлыг зохион байгуулж, удирдах болжээ. Оргож зугтсан боолуудыг хайр энэрэлгүйгээр устгах зарлиг тушаал гарсан нь Харриетийн ажлыг улам эрсдэлтэй болгосон юм.

1950-аад онд Харриет өмнөдөд 20 орчим удаа буцан ирж, боолуудыг оргуулж, өмнөдөд хүрэх замыг зааж өгсөн түүхтэй. Ингэсээр байгаад түүний тухай домог түүх шиг яриа гарах болжээ. Орон нутгийн боолын эзэд, цагдаа нар ч Харриетийг овоо хараандаа авч, толгойг нь авчирсан хүнд 40 мянган ам.долларын шан  харамж амлаж буйгаа зарлалаа. Гэлээ ч Харриет аргаа олж тэмцсээр, боолуудыг чөлөөлсөөр байв.

Боолуудыг оргуулахдаа янз бүрийн овжин зальжин арга хэрэглэнэ. Ихэвчлэн бямба гаригийн шөнө оргуулдаг. Учир нь оргосон боолын тухай зарыг даваа гаригийн өглөө тараах тул төдий болтод овоо газар хороочих боломжтой.

Мөн зам аюулгүй байгааг ойлгуулахын тулд шар шувуу шиг дуугарна. Бага насны хүүхдүүд замд уйлж гайтай тарих магадалтай тул нойрны эм уулгачихна.

Нэг удаа галт тэргээр явж байхдаа цагдаа нарта халз тулчихжээ. Тэгмэгцээ тэр даруй нэгэн ном гаргаж уншиж буй мэтээр суучихлаа. Харриетийг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг орон даяар шахуу зарлачихсан тул ном уншиж суугаа бүсгүйг сэжиглэх хэрэггүй гэж цагдаа нар бодоод зөрж өнгөрсөн түүхтэй.

Өвөл эрт харанхуй болдог учир өвлөөр оргуулах нь элбэг. Мөн хүйтрэхээр хүмүүс гадаа гарах нь цөөрч, замдаа баригдах магадлал буурдаг байжээ. Харриет үргэлж буутай явна. Энэ нь араас элдэн хөөгчидтэй тооцоо бодоход хэрэгтэйгээс гадна замын дундаас буцах гэж бусдыгаа хөөдөх зориг зүрхгүй хүмүүсийг “зоригжуулахад” хэрэглэдэг зэвсэг байлаа. Олон удаа олон боол оргуулахдаа нэг ч удаа баригдаж, бусдын хувь заяаг хутганы ирэн дор тавьсан удаагүй.

Иргэний дайны үеэр Харриет сувилагчаар ажиллахын зэрэгцээ умардынхны тагнуулчаар ажилласан. Партизаны бүтэн отрядыг ахлаж, армид хэрэгтэй мэдээллийг дамжуулна. Мөн өмнөдөөс умард руу хэрэгтэй хүмүүсийг гаргах замд хөтчөөр ажиллана. Хөтөч хийлээ гэж түүнд өчүүхэн харамж өгдөг ч чамлахгүй. Гэхдээ иргэний дайнд эрэлхэгээр амь үрэгдсэн Нельсон Дэвисийн бэлэвсэн гэргий учир тэтгэмж гэж дориун мөнгө авчихдаг болж.  Шавилхан биетэй жирийн нэгэн эмэгтэй хэрнээ нийтдээ 700 гаруй боол, иргэдийг умард руу гаргаж, амар амгалан амьдралтай золгуулжээ.

Хожим иргэний дайн дуусч, АНУ-д боолчлолыг устгахад Нью-Йоркт шилжин суурьшиж, эцэг эх, настан буурлуудыг асрахын зэрэгцээ өөрийнхөө амьдрал тэмцлийн тухай ном хэвлүүлж, олон нийтэд илтгэл тавих болжээ. Сүүлд афро-америкчуудын эрхийн төлөө тууштай тэмцэгч болсон юм.

Боолын эздийн зүрхэнд шар ус хуруулж, боол ч гэсэн хүн гэдгийг мэдрүүлж, луйвардуулж, дээрэлхүүлж буй боолчууд нэг л өдөр босч толгойг нь цусдаж, тооцоо хийнэ гэх айдсыг боолын эздэд төрүүлж чадсан хүн бол Харриет юм.

Харриетийн үр удам одоо ч АНУ-д ажиллаж амьдарч, өвөг дээдсээ хүндлэн дээдэлж, бишрэн шүтдэг. Харриет Табмэнд зориулан АНУ-д хөшөө босгож, музей, цэцэрлэгт хүрээлэнг түүний нэрэмжит болгосны зэрэгцээ мөдхөн гаргахаар яригдаж буй шинэ 20 ам.доллар дээр Харриетийн хөргийг нийтлэх тухай яриа дуулдсан. Үүнээс гадна түүх намтраар нь кино гаргахаар холливүдийнхэн зураг авалтаа хийж нэгэнт дуусгаад, “Харриет” киноны трейлер цацагдаж эхлээд хэдхэн хонож байна.

News1.mn Р.Гэгээ