Охидыг аварч өөрөө амь үрэгдсэн 10 настай хүүд Улсын Баатар цол нэхэн олгох санал гаргав

2019-07-26

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын хүүхдийн майхант зусланд энэ сарын 23-нд гэнэт гал гарч, дөрвөн хүүхэд амь үрэгдсэн аймшигт эмгэнэлтэй явдал болжээ. Нэгэн охин халаагч дээр цамцаа тайлж тавьснаас гал гарсан байж болзошгүй гэсэн таамаглалыг одоогоор дэвшүүлээд байгаа юм.

Зуслангийн нийт 26 майхны 20 нь шатаж, тэнд байсан 189 хүүхдээс ихэнхийг нь аюулгүй газар тэр даруй хүргэсэн ч охидын зарим майханд гал дүрэлзэж, хүн орж аврахын аргагүй байж. Гэтэл тус зусланд амрахаар ирээд ердөө хэдхэн хонож буй 10 настай хүү Алексей Мартыненко айж балмагдан орилох охидын дуунаар галд шатаж буй майхан руу гүйн орж, охидыг нэг нэгээр нь гаргасаар байжээ. Хүүгийн үс нь шатаж, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн ч охидыг аврахаар зүтгэсээр байсныг олон хүн гэрчилсэн байна.

Харамсалтай нь хүүгийн биеийн 90 хувь түлэгдсний улмаас эмнэлэгт хүргэгдснийхээ дараагаар амьсгал хураажээ. Эрэлхэг хүүгийн ачаар амьд үлдсэн охидын эцэг эх нар “Ийм гайхамшигтай эр зоригтой жинхэнэ эр хүнийг өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа” гэж бахархал болон харууслын үгсээ олон нийтийн сүлжээгээр бичсээр байгаа ажээ.

Мөн охидын амийг аварсан хүүд ОХУ-ын Баатар цолыг нэхэн олгох саналыг олон нийт дэвшүүлж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Үүнийг Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургал ч дэмжиж буйгаа илэрхийлжээ.

“Алексей Мартыненко бол өөрийгөө зольж бусдын амийг аварсан 10 настай хүү. Галд шатаж буй майхан руу орж охидыг аврах зүрх зориг ийм бяцхан хүүгээс яаж гарсныг та нар төсөөлж байна уу? Энэ хүүд баатар цол нэхэн олгох ёстой. Миний хувьд энэ тал дээр хичээн ажиллах болно” хэмээн Хабаровсийн хязгаарын захирагч Сергей Фургал мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ