Түгжрэлтэй тэмцэх гэж оролдсон “тэнэг” санаанууд

2019-07-25

Нийслэлд маань ирсэн нэгэн өвөрмонгол жуулчин хотын замд нэлээд удаан гацаж, түгжирч явснаа тэсэлгүй “Танайхан гурван саяулаа гэж худлаа байх аа” хэмээн бачимдсан гэдэг. Үнэхээр ч нийслэлийн авто зам ачааллаа даахгүйд хүрч, 0 зогсолт дээрээ ирэхэд ганц хуруу л дутаад байна.

Ямартай л иргэд бухимдлаа сошиалаар илэрхийлж байх вэ дээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд ийм түгжрэл болдгийг хүн бүр мэддэг, түүндээ тааруулан арай эртлэн гардаг ч автомашинуудын тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр зогсох хугацаа нь улам л өссөөр байна. Нэгэн жиргээч бүр “Арслантай гүүрнээс Төв шуудан хүртэл 3 цаг 45 минут явлаа” гэжээ. Уг нь энэ хоёрын хооронд алхчихвал 20 минутын л хугацаа орно.

Байдал одоогоор ийм байна. Нийслэлийнхний толгойны өвчин болсон түгжрэлийн дээр дооргүй ярьж хэд хэдэн санаа хэрэгжүүлсэн. Бараг иргэдээ туршилтанд оруулсан гэхэд болох биз. Учир нь байс гээд л хэнд зориулсан нь мэдэгдэхгүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг дүрэм зохиож, хэд хоног хэрэгжүүлээд “ер нь худлаа юм байна” гэсэн шиг буцаадаг шийдвэрт иргэд хэдийнээ дасаад авсан бололтой. Тэдгээрээс дурьдвал…

Зөвхөн зүүн гар тийш эргэнэ

Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай аж. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэхүү хөдөлгөөний уг хязгаарлалтаа дэлхийн ихэнх хотод хэрэгждэг хэмээн тайлбарлаж нийслэлчүүдийг нилээн хэдэн өдөр бухимдуулж, улам түгжрээгээд амжсан.

Халтуур хийвэл торгоно

Энэ шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргаж байв. Нэгэн цагт Улаанбаатар-Налайхын замд халтуур хийж байсан удаатай. Тухайн үед автомашин цөөхөн түгжрээ багатай байсан байх. Харин одоо үеийг тайлбарлах нь илүүц биз. Толгойны өвчин болсон түгжрээний асуудлыг тэрбээр хуучин ажилтайгаа холбож эхэлсэн. Ингэхдээ хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж эхэлсэн. Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллах болсон юм. Өөрөөр хэлбэл “халтуур” хийвэл 100 мянган төгрөгөөр торгож эхэлсэн.

Мэдээж халтуур хийсэн жолоочыг торгох ажил удалгүй зогсож, торгуулсан иргэд мөнгөө буцаан авах боломжтой болсон.

Эцэст нь иргэдээ ялгаруулж эхэллээ

Энэ мэт ээлжит тэнэглэлүүд дөнгөж намдаж байхад ирэх наймдугаар сараас эхлэн хотын төвийн бүх зогсоолыг төлбөртэй болгоно, торгуультай, өнгө үзэмж муутай авмашинуудыг хотын төв рүү оруулахгүй гэх гунигт мэдээг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр дуулгав.

Тэрбээр “Хот орчмын замын хөдөлгөөний ачааллын бууруулахы тулд гурван бүсчлэлд хувааж байгаа. Тухайлбал  А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу хүртэл бөгөөд зогсоолын асуудлаас гадна тодорхой шаардлага хангасан -Татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгслүүдийг хамруулна. Энэ бүсэд зорчих тээврийн хэрэгслийн хөдөөлгөөнийг тэгш, сондгой  дугаарын хязгаарлалт хийх юм байна.

Харин В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл бөгөөд дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох гэн С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм. Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15,696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна.

А бүс хамгийн өндөр, В бүс дунд, С бүс хамгийн бага төлбөртэй байхаар зохицуулж байгаа. Төлбөртэй зогсоолын хувьд цаг дотор 500-1000 төгрөг байна.

Энэ бол иргэдээ ялгаварлан гадуурхсан хэрэг гэхэд хэлсдэхгүй биз. Өнөөгийн үнийн өсөлттэй нийгэмд дуртайдаа машин барьж гадуур тэнэдэг хүн ховор. Бүгд ажил, амьдралын шаардлагаар машин барьж байгаа. Хоёр болон түүнээс дээш машинтай болон төрийн номертэй машин унадаг хүмүүст энэ журам нь хүүхдийн тоглоом байж болно. Жирийн иргэдийн хувьд арай хийн машин тэргээрээ үр хүүхдээ сургууль соёлд нь хүргэж, эмнэлэг домлого орж яваа хүмүүсийн хувьд энэ чинь том асуудал. п

Автобусныхаа хэрэглээг дэмжиж дөнгөхгүйн байж юу яаасан татвараа төлдөг машинуудыг хязгаарлах вэ…. Зам нь гэж там. Тэгээд тэр замаар нь хэрэгцээтэй үедээ зорчиж болохгүй энэ тэр…. Ийм балай боолчилсон сэтгэлгээний эсрэг иргэдийн эсэргүүцэл цахим сүлжээнд хүчтэй өрнөж байна.

Түгжрэлтэй тэмцэх гэж иргэдээ хавчдаг, ашиг сонирхолын зөрчилтэй, илт ялгаварлан гадуурхсан тэнэг санаагаа хэзээ болох вэ дарга нар аа…Ажил хийвэл дуустал, давас хийвэл уустал гэдэг. Хоёрын хооронд гурвын дунд санаа дэвшийлж хийсэн нэр зүүхээ хэзээ болох вэ…Хотын дарга аа.